Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзаж, цаашдын хамтын ажиллагаа, бодлого, зорилтын хүрээнд санал солилцлоо.
ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНГ АЖ АХУЙН ТООЦООТОЙ БОЛГОНО
Хөдөө аж ахуйг дэмжих сан нь газар тариалангийн салбарын бодлогыг гардан хэрэгжүүлж, Монгол Улсын хүнсний стратегийн гол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд түшиц болдог. Тус байгууллагыг хөгжлийн шинэ түвшинд гаргаж, зах зээлийн зарчимд нийцүүлэн орлогоороо зарлагаа санхүүжүүлдэг, ашигт үйл ажиллагаатай, аж ахуйн тооцоот байгууллага болгоход чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхээ сайд Х.Болорчулуун илэрхийллээ.
Салбарын стратегийн онцгой ач холбогдол бүхий Хөдөө аж ахуйг дэмжих сан нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, цомхон, чадварлаг баг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, Засгийн газрын дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцолсон юм.
МАХ ЭКСПОРТЛОХ ЗОРИУЛАЛТТАЙ “ЭРҮҮЛ БҮС” БАЙГУУЛНА
Сайд Х.Болорчулуун Хөдөө аж ахуйн “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаанд ажиллах үеэрээ “Манай салбарын тэргүүлэх зорилтуудын нэг нь махны экспорт. Бид цаашид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шаардлагад нийцсэн махыг олон улсад экспортолдог болоход анхаарах учиртай. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн бүтэц, улсын тусгай хэрэгцээний газарт түшиглэн махны экспортын зориулалттай, эрүүл орчин бүхий бүс байгуулна” гэдгийг хэллээ.
Дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд тус байгууллагын үүрэг оролцоо маш чухал. Тиймээс хорио цээрийн дэглэм бүхий “эрүүл бүс” бий болгоход шаардлагатай судалгааг Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран хийж, ойрын хугацаанд танилцуулахыг үүрэг болгосон юм.
ХАА-Н САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төв нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй болгох, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад экспортод чиглэсэн туршилт судалгааны ажлуудыг хэрэгжүүлж байна.
Уулзалтын үеэр Судалгаа хөгжлийн төвийн ажилтнуудын зүгээс цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг хүссэн бөгөөд судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, урамшуулалтай болгох боломжийн талаар санал солилцсон.
“Аль ч салбарын хөгжилд эрдэмтэн судлаачдын мэдлэг туршлага, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинэ бүтээл, инноваци тэргүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлага, олон улс дахь инновацийг Монгол Улсын онцлогт тохируулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, нутагшуулахад эрдэмтэн судлаачдын үүрэг чухал учир цаашид хүнсний хувьсгал хийх, мах экспортод гаргах зэрэг томоохон зорилгыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах”-ыг сайд Х.Болорчулуун Судалгаа хөгжлийн төвийн судлаач, ажилтнуудад даалгалаа.
ЗАСГИЙН ГАЗАР ОТОР НҮҮДЛИЙГ БҮС ДОТРОО ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОЖ БАЙНА
ХХААХҮЯ-ны харьяа “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа” нь өвөлжилт хүндэрсэн үед оторчдыг ая тухтай, эрсдэл багатай даван туулахад анхаарч үйл ажиллагаа явуулдаг. Улсын хэмжээнд нийт 9 байршилд 783 мянган га талбай бүхий аймаг дундын отрын бүс нутаг бий.
Өнөөдрийн байдлаар 10 аймгийн 31 сумын 1.7 сая малыг аймаг дундын отрын бүс нутагт өвөлжүүлэх хүсэлтийг орон нутгаас ирүүлсэн байна. Гэхдээ бэлчээрийн даацын судалгаагаар 780 орчим мянган малыг өвөлжүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарсныг тус байгууллагын дарга Д.Түмэндэмбэрэл танилцууллаа.
Засгийн газар отор нүүдлийг өөр аймаг суманд биш, бүс нутагтаа зохион байгуулахыг бодлого болгон хэрэгжүүлж байгааг сайд Х.Болорчулуун онцолсон юм. Энэ жилийн тухайд, өвөлжилт хүндрэх төлөвтэй аймгууд эртнээс бэлтгэлээ сайтар хангах мөн баруун бүсэд ногоон тэжээл нийлүүлэх талаар санал солилцлоо.