-За, ашгүй хоёулангийнх явах чиглэлийн автобус ирж байна.
-Цаг гаруй хүлээлээ. Ингэж удаж ирээд байхдаа яах вэ дээ. Арай хэтэрхий юм аа.
-Ирж л байвал дүүрчээ. Ажлаасаа хоцорчихлоо. Гялс суугаад минутын ч болтугай өмнө очъё.
Цагаа байсхийн харан зогссон хоёр эмэгтэй ийн ярилцаад урагш зүтгэв. Гэтэл өнөөх автобус буудал дээр зогсолгүй шууд явчихав. Өнөөх хоёр эмэгтэй “Яагаад зогссонгүй вэ. Дараагийн автобус мөд ирэхгүй” гээд санаа алдаад хоцорлоо. Дэмий эргэж харан, дахиад автобус ирж буй эсэхийг харав. Бараа алга. Тэд түгжрэл, замын ачааллыг тооцон амьхандаа гэрээсээ 07.20 минутад гарчээ. Гэтэл автобус ирэхгүй удсаар, ирсэн нь зогсохгүй явсаар тэд ийн цаг гаруй хүлээжээ. Улаанбаатар нийтээрээ автобус хүлээн, ажил, сургуулиасаа хоцорж, бухимдаж буйн төлөөлөл нь тэд. Бид нийтийн тээврийн хүрэлцээ хэр байна вэ, иргэдэд ямар бэрхшээл тулгарч буйг сурвалжиллаа.
“МОНГОЛД АЗТАЙ НЬ Л АВТОБУСАНД СУУДАГ”
Өглөөний 07:00 цагийн үед X хорооллын автобусны буудал дээр 300 орчим хүн автобус хүлээн, цагаа харан зогсоно. Зарим иргэд хоёр цаг хүлээсэн ч автобусандаа багтахгүй байгаа учир ажил, хичээлээсээ хоцрохгүйн тулд алхаж байна.
Автобус хүлээж буй зарим иргэдээс нийтийн тээврийн талаар санал, сэтгэгдлийг тодрууллаа. Иргэд:
- Монголд автобусанд суухдаа хүртэл азаа үздэг боллоо. Өнөөдөр өглөө 06:30 цагаас хойш зогсож байна. Одоо цаг 07:48 болж байна. Энэ хугацаанд Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн буюу хамгийн түгээмэл автобус хоёр л удаа ирлээ. Ирэхдээ зогсохгүй, дүүрэн хүнтэй зөрөөд өнгөрч байна. Өдөр бүр ийм байдалтай байна. Хамгийн эхний автобусанд суух гээд эрт гарсан ч сууж чадахгүй ажлаасаа хоцорчихлоо.
- Өглөө бүр түгжрэлээ тооцоолоод эрт гардаг. Хичээл эхэлснээс хойш бүр автобусандаа багтахаа ч байлаа. Чихээд арай гэж суусан ч, суух суудал бүү хэл барих бариул ч олдохгүй. Юун нөгөө Аюулгүй, тав тухтай зорчих. Энэ тухай дурсаад ч хэрэггүй болж. Нийтийн тээврээ нэмэхгүй бол яаж түгжрэл буурах вэ. Нийслэлийн удирдлагууд яаралтай арга хэмжээ авмаар байна.
- Түгжрэл бууруулна гээд л их мөнгө төсөвлөөд байдаг. Тэр мөнгөөрөө автобусаа нэмээсэй. Одоо ингэж автобусандаа багтахгүй байгаа хүмүүс өвөл яах бол. Бүр л хэцүүднэ.
- Уг нь автобус хоорондын зай 3-5 минут гэж мэдээлдэг. Бодит байдал дээр хоёр цаг хүлээгээд ч автобусандаа сууж чадахгүй хичээлээсээ хоцорч байна.
- Энэ жил манай хүүхэд нэгдүгээр ангид орсон. Хүүхдээ хичээлд нь зөөх гэж үйлээ үзэж байна. Өглөө нойрмог дагуулж гараад л хамгийн эхний автобусанд хүчээр дайрч байж арай гэж чихэлдэж орно. Өглөө бүр ингэж явсаар одоо өөрийн унаатай болох тухай бодож байна. Түгжрэл бууруулах зорилгоор тэгш, сондгой гэж хэрэггүй зүйл хийж байхаар автобусаа нэмээч ээ, Д.Сумъяабазар аа.
- Өглөө хамгийн эхний автобусанд суухад ажлаасаа хоцрохгүй амждаг, арай сэлүүхэн байсан. Одоо улам л хэцүү болсон байна. Өдөр 10.00 цагаас хойш л арай гайгүй, хүн багтахтай болж байх шиг. Тэр тусмаа их сургуулиудын чиглэлийн автобусанд багтах гэж өглөө, оройдоо бараг л “дайн” болж байна.
АВТОБУСНЫ ЖОЛООЧ: АВТОБУС ДҮҮРЧИХВЭЛ БУУДАЛ ДЭЭР ЗОГСОХГҮЙ ШУУД ЯВЧИХДАГ
“Алтантариа- Улаанхуаран” чиглэлийн автобусны жолооч Ч.Эрдэнэбаяраас яагаад зарим буудал дээр зогсдоггүй талаар тодруулахад “Өглөө хөдөлгөөн эхлэх цагт эцсийн буудлаасаа хөдлөөд, гурав, дөрвөн буудалд зогсоод л хүмүүс дүүрдэг. Иргэд автобусны жолооч зогсохгүй байна гэж их уурлаж, бухимддаг. Дотор хүмүүс нь дүүрчихсэн, багтахгүй байхад зогсоод хүн нэмэх ямар ч боломжгүй учраас зогсдоггүй. Аль болох нэг, хоёр ч гэсэн хүн багтаагаад явахыг хичээдэг” гэсэн юм.
Иргэд хоёр цаг орчим автобус хүлээсээр арай гэж “алалцаж” суусан ч, зам дээр дахиад олон цаг түгжирч байна. Иргэдийн нийтийн тээврээр тав тухтай орчинд аюулгүй зорчих зэрэг эрх зөрчигдсөөр буйн нэг илрэл нь энэ. Суух суудал, барих бариул ч үгүй, хэзээ ирэх нь тодорхойгүй автобус хэдэн цагаар хүлээнэ. Автобус ирсэн ч зогсох үгүй нь тодорхойгүй. Ингэж нийтийн тээврээр үйлчлүүлснээс өөрийн машиндаа суугаад түгжирсэн нь хамаагүй дээр гэж иргэд бухимдаж байв. Угтаа нийслэлийн түгжрэлийг бууруулах гол шийдэл нь нийтийн тээврийн хүртээмжэй байдал. Гэтэл бодит байдалд автобус нь ирэхгүй, зогсохгүй, хүмүүс нь багтахгүй хүнд нөхцөлд байна. Автобус хоорондын 3-5 минутын зай бол мөрөөдөөд ч хэрэггүй зүйл болжээ. Улаанбаатар хотын иргэд зам дээр ч, автобусанд ч, автобусны буудал дээр ч “түгжирсээр”.
“АРВАННЭГДҮГЭЭР САРД 200 ГАРУЙ ШИНЭ АВТОБУС ИРНЭ”
Энэ асуудлаар бид Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.
Тэрээр “Улаанбаатар хотын одоогийн нөхцөл байдалд 1400 гаруй автобус шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан.
Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн салбарт 970 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Үүнээс 532 автобусны ашиглалтын хугацаа дууссан учир 400 гаруйг нэмж авах шаардлагатай. Нөхцөл байдлаас шалтгаалан нийт 900 гаруй автобусны парк шинэчлэлт хийх шаардлага үүссэн.
2024 он хүртэл 1400 автобустай болох, тойрох шинэчлэлт, худалдан авалт хийх үүрэг даалгавар Засгийн газраас нийслэлийн удирдлагуудад өгсөн. Энэ онд 600 гаруй автобусны парк шинэчлэлт хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар хоёр давхар 10, 65 улаан автобус орж ирсэн, үйлчилгээнд явж байна.
Үлдсэн 500 гаруй автобусыг худалдаж авахад түгжрэл бууруулах 420 тэрбум төгрөгийн төсвөөс 80 орчим тэрбумыг төсөвлөсөн. Энэ нь 500 гаруй автобус худалдаж авахад хангалтгүй хэмжээний мөнгө. Тиймээс зээл, тусламж, хөрөнгө оруулалт зэрэг гаднын эх үүсвэрүүдийг ашиглах шаардлага үүсэж байна. Эдгээр автобусыг есдүгээр сарын 1-нд оруулж ир гэдэг үүрэг даалгаврыг хотын дарга ажил хариуцсан хүмүүст өгсөн. Гэвч дэлхийн эдийн засгийн хямрал, геополитикийн нөхцөл байдал, дайн, цар тахал зэрэг давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан хөрөнгө оруулалт олоход хугацаа алдсан нөхцөл байдалтай байна. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд эхний 200 гаруй автобус орж ирнэ гэж ажил хариуцсан хүмүүс тайлбарласан” гэв.