70 удаа цусаа хандивлаж, 210 хүний амийг аварсан, цусны “Хүрэл” донор Г.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
Тэрбээр 2015 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй долоон жил цусаа хандивлаж, цус шаардлагатай болсон хүмүүсийн амь насыг аварч, эрүүл мэндэд нь чухал тус хүргэсэн ачтан.
Г.Хаш-Эрдэнэ “Цусаа өгөхөд маш олон давуу тал, ач холбогдол байдаг. Цусаа тогтмол өгснөөр өөрийгөө байнга оношлуулж, үзлэгт ордог. Ингэснээр янз бүрийн хорт хавдар, зүрхний шигдээс, тархинд цус харвах зэрэг эрсдэлүүдээс сэргийлж, өвчлөх магадлалыг бууруулдаг.
ЦУСАА ХАНДИВЛАСНААР ЭРҮҮЛ, ЗӨВ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ДАДАЛ БОЛГОДОГ
Нэг удаа цус өгөхөд 650 ккал эрчим хүч шатааж байдаг. Цус өгдөг хүмүүс хоол хүнсэндээ их анхаардаг. Идэх хоолондоо анхаараад, эрүүл, зөв хооллоод ирэхээр бие эрүүлжиж, амьдралын зөв хэмнэлд ордог.
Цусаа өгөхийн өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн, өөх тос, архи дарс гэх зүйлсийг хэрэглэхгүй, зургаагаас дээш цагаар бүтэн амарсан байх шаардлагатай. Энэ нөхцөлүүдийг байнгын дадал болгож, аль нэгийг нь алдчихгүй юм сан гэж хичээж амьдардаг” гэсэн юм.
-Та цусаа хандивлаж, 210 хүний амь аварч, цусны хүндэт “Хүрэл” донор боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Үгээр хэлэхийн аргагүй баяртай үйл явдал боллоо. 200 гаруй хүний амь аварсан гэхээр гайхамшигтай санагдаж байна. Өөрөөрөө бахархаж байна. Бид нэг нэгэндээ тус дэм болж, өөрт байгаа, чадах зүйлээрээ тусалж байвал буцаад тухайн хүний буян надад ирэх болов уу гэж боддог.
Уншигчдадаа хандаад Боломжтой бол цусаа хандивлаарай. Нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амь аварч байдаг. Энэ бол таны хийж чадах хамгийн анхны тусламж. Бусдад тусалж болох хамгийн энгийн зүйл юм шүү" гэж хэлмээр байна.
ТОГТМОЛ ЦУСАА ХАНДИВЛАДАГ ХҮМҮҮС ЗҮРХ СУДАС, ХАВДРЫН ӨВЧЛӨЛӨӨР ӨВДӨХ ЭРСДЭЛ БАГА БАЙДАГ
Цусаа хандивлах нь эрүүл, зөв аргаар шингэлэх арга гэж нийгмийн сүлжээнд өрнөж байна. энэ тухай бид Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяраас тодрууллаа.
Тэрээр "Жилээс жилд тогтмол хугацаанд цусаа өгдөг доноруудын тоо нэмэгдэж байна. Доноруудыг дагасан 30 жилийн судалгаа байдаг. Цусаа тогтмол хугацаанд өгдөг хүмүүс зүрх судас, хавдрын өвчлөлд өртөх эрсдэл бага байдаг гэсэн судалгаа юм" гэв.
-Сүүлийн үед хүмүүс ковидын дараах цус өтгөрөлтөөс сэргийлж, цусаа шингэлэх зорилгоор хандивлах болсон гэх ойлголт нийгмийн сүлжээнд өрнөж байна. Иргэд үүнийг эрүүл, зөв аргаар цусаа шингэлж байна гэж үзэж байна. Ингэж цус шингэлэх нь зөв үү?
-Анагаах ухаанд цус шингэлэх, өтгөрөх гэдэг албан ёсны ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл тийм хэллэг байхгүй гэсэн үг. Цус шингэлнэ гэдэг нь хар ярианы хэллэг. Цусаа өглөө гээд цус шингэрэхгүй
Ерөнхий утгаар нь аваад үзвэл цус шингэлж байгаа юу гэвэл шингэлж байна. Яагаад гэвэл цусны 65-70 орчим хувь нь шингэн хэсэг буюу сийвэн. Үлдсэн 30-35 хувь нь дүрст элементүүд. Нэг удаа цусаа өгсөн бол тухайн өдрөө ердийн үеэс шингэн зүйл ахиу ууна. Энэ нь шууд хоол боловсруулах замаар дамжаад, судсанд шингэн хэсгүүд нь шимэгдэж орж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эргэлдэж байгаа цусны шингэн хэсгүүд нэмэгдэж байна. Биологийн процессоор цус шингэрч байгаа юу гэвэл шингэрч байна.