Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Манай улсад оюуны хулгай дэндүү их нүүрэлсэн байна. Оюуны хулгай нүүрэлсэн, хуурамч шинжлэх ухаантай, бие биенээ хуурч амьдардаг улс орон байх ёсгүй. Өнгөрсөн хугацаанд магистр, доктор хамгаалсан хүмүүсийг плагиаризмын шалгалтанд оруулна. Ингэж байж бид их дээд сургуулийн тогтолцоог эрүүл зөв болгох ёстой. Энэ бол БНХАУ, ОХУ-д л байгаа социализмын үеийн тогтолцоо яваад байгаа. Тиймээс шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их, дээд сургуулиудтайгаа хамтарсан сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ.
Ер нь шинжлэх ухааны хүрээлэнгүүд их дээд сургуулийнхаа харьяанд байх ёстой гэж боддог. Бид үүнийг АШУҮИС дээр хэрэгжүүлсэн. Өнөөдөр их сургуулийн эмнэлэг гэдэг цоо шинэ тогтолцоог хийж чадсан. Тэгэхээр энэ 33 хүрээлэн их дээд сургуулийнхаа харьяанд очих ёстой. Ингэж байж жинхэнэ утгаараа технологи, инноваци, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг ийм л дээд боловсролын тогтолцоонд бид шилжих ёстой" гэж хэллээ.