Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа 02 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон билээ.
Үндсэн хууль, бусад хуулиар Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийн зөв, бурууг шүүх эрхтэй субъект нэгэнт байхгүй тул төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх, хууль тогтоох онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурал 2022 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй буюу 98.4 хувийн саналаар дээрх өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2022 оны наймдугаар сарын 26-ны өдөр биечлэн танилцуулж, Ерөнхийлөгч уг өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан юм.
Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18.13-т заасны дагуу “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн байна. Ингэснээр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт албан ёсоор баталгаажжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, оруулсан өөрчлөлттэй “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, “D-parliament” цахим систем, “legalinfo.mn” эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем зэргээс танилцаж болно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.