Эдийн засаг хүнд байгаа энэ үед оюутнуудад сургалтын болон дотуур байрны төлбөр хүнд дарамт болж байна. МУБИС-ийн дотуур байрны төлбөр 200 мянган төгрөгөөр нэмэгдсэн талаар оюутнууд хэлж байна. Мөн сургалтын төлбөр нэмэгдсэн гэж хэллээ.
Энэ талаар оюутнууд ярихдаа:
- Дотуур байрны төлбөр анх намайг ороход 420-450 мянган төгрөг л байсан. Одоо 650 мянган төгрөг болж өссөн байгаа. Дотуур байр гэлтгүй сургалтын төлбөр ч нэмэгдсэн. Намрын улиралд л гэхэд миний төлбөр нэг сая есөн зуун мянган төгрөг болж байна. Үүн дээр байрны 650 мянган төгрөг нэмэгдээд семистрт хоёр сая таван зуун мянган төгрөг зарчуулж байгаа. Энэ асуудал оюутнуудад их хүнд тусч байгаа. Сургалтын төлбөр нэмэгдээгүй гэдэг худлаа. Миний хувьд төлбөр төлөх хугацаагаа хойшлуулахаар гурван өдөр дугаарлаад зогсож байна. Аав ээж төгсөх курс юм чинь яаж ийгээд төгсгөнө гээд зээл авахаар болсон. Зээлнээс зээлийн хооронд л байна.
- Жилийн жилд төлбөр нэмэгдээгүй ч энэ жилээс их нэмэгдсэн. Манай ангид төлбөр төлөх боломжгүйгээс үүдэн чөлөө авч байгаа хүүхдүүд их байна.
- Аав ээж яаж ийгээд болгож л байна. Малаа зарж төлбөрийг маань төлсөн. Мах хямд байгаа ч гэсэн болгож байна даа гэв.
БШУЯ–наас энэ жил төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх чиглэлийг сургуулиудад хүргүүлсэн. Оюутнууд сургалтын төлбөр нэмэгдсэн хэмээн ярьж байна. Үүнтэй холбогдуулан бид МУБИС–ийн дотоод ажлын албаны дарга Н.Мягмарцоожоос төлбөр нэмэгдсэн эсэх талаар тодруулахад:
“МУБИС-ийн төлбөр нэмэгдээгүй байх. Манай сургуульд кредитийн дөрвөн янзын үнэлгээ байгаа. 78 мянга, 86 мянга, 94 мянгаар хэмжигддэг. Өнгөрсөн жилийн хувьд ч ийм байсан. Хичээлээсээ хамаарч байгаа юм. тухайн оюутан 78 мянгын хичээлээ судлаад байвал төлбөр нь хямд гарна. 94 мянгын хичээл нь бодис урвал шаарддаг хичээл. Эсвэл цөөхөн бүлгээр ордог гэх мэт арай илүү зардалтай хичээлүүд гэсэн үг. Хүүхдүүдийн курс ахих тусам мэргэжлийн хичээл рүүгээ орно. Үүнийг л төлбөр нэмэгдсэн гэж андуурч байгаа байх. 2018 оноос хойш өөрчлөгдөөгүй.
Тухайн салбар сургуулийн захирал, холбогдох мэргэжилтнүүдэд оюутан учир шалтгаанаа хэлээд төлбөр төлөх хугацаагаа хэлэн харгалзаж үзэх өргөдөл бичиж болно. Өөрөөр хэлбэл дараа нь төлөх, хувааж төлөх боломжтой. Бид оюутны төлбөрөөс багш ажилтнуудын цалинг тавьдаг. Тиймээс шаардаж байгаа тохиолдол бий. Үнэхээр боломжгүй зайлшгүй нөхцөлд өргөдлийн дагуу уян хатан хандана” гэв.