Монголын тариаланчдын үндэсний холбооноос өнөөдөр буудайн ханш өссөн тухай мэдээллээ.
Монголын Тариаланчдын Үндэсний Холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ "Гурван сарын өмнөх бараа бүтээгдэхүүний үнэ өнөөдөр 30-40 хувиар нэмэгдлээ. Мөн энэ цаг үед тариаланчдад мөнгөн хөрөнгийн урсгал ихээхэн шаардагддаг. Тариаланчид маань энэ олон зардлаа санхүүжүүлж чадахгүй хүнд нөхцөл байдал дунд намрын ургац хураалтаа эхлэх гэж байна. Учир нь банкууд зээлээ хумьж, зээл гаргахгүй байна.
Өчигдөр ХХААХҮЯ энэ намар хөдөө аж ахуйг дэмжих санд худалдан авах буудайн үнийг зарласан. Төрийн худалдан авалт бол тухайн жилийн хүнсний буудайн жишиг үнэ болдог уламжлал бий.
Бид ХХААХҮЯ-д өртгөө тооцож, хүргүүлсэн. Нэг га газрын зардал 1,080,000-1,280,000 төгрөгийн хооронд гарсан. Хэрвээ нэг сая төгрөгөөс доош үнээр худалдвал тариаланчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өртгөөсөө доогуур үнэлэгдэх, алдагдалтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
Бодит ургац өчигдрийн ХХААХҮЯ-ны зарласнаар 400 гаруй мянган тонн хүнсний буудай үтрэмд бууна гэж тооцсон байна. Комбайнд хураасан будааг цэвэрлэхээ зургаа орчим тонны хаягдал гардаг тул 380 орчим мянган тонн хүнсний буудай зах зээлд борлуулах ургац хураах урьчилсан төлөвтэй байна.
Буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэн, бодит зардал өссөн тул гурилын үйлдвэрүүдэд борлуулах тонн буудайн үнийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс өөр аргагүй болсон” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.