“Би сард 750 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. 100 мянга нь надад хангалттай хүрдэг. Бусдыг нь хүүхэд баярлуулахад зориулдаг. Хөөрхөн үрсийг алийг нь гэж ялгах вэ. Тааралдсан хүүхэд бүрийг л баярлуулахыг хичээдэг. “Баярлалаа өвөө” гээд баярлан гүйж явааг нь, гэрэл цацруулсан хүүхдийн царай надад аз жаргал, амьдрах итгэл, урам бэлэглэдэг. Тэтгэврээ буунгуут л хүүхэд баярлуулах сан, хэрэгтэй, гоё юмыг нь авч өгөх сөн гэж яардаг” гээд инээмсэглэх түүнийг Дарьсүрэнгийн Баяр гэдэг.
Насаараа Шарын голын уурхайд ажилласан тэрбээр уул, уурхайн инженер мэргэжилтэй, Дархан хотод амьдардаг. 1998 онд тэтгэвэрт гарсан, 63 настай Д.Баяр боломж, бололцоо нь хүрч байвал өдөр бүхэн хүүхэд баярлуулахыг хүсдэг. Халаасанд нь 100 төгрөг байсан ч тааралдсан хүүхдэдээ өгөхийг, баярлуулахыг чухалчилдаг гэнэ. Түүнийг Улаанбаатарт ирээд буцахаас нь өмнө ийн ярилцлаа.
ӨНӨӨДӨР ЦЭЭЖ НҮЦГЭН ХҮҮХЭД ТААРАЛДАХААР НЬ ЦАМЦАА ӨМСЧИХЛӨӨ
-Сайн явж ирэв үү, Та. Группээ сунгуулахаар ирсэн гэж дууллаа. Зорьсон ажил нь бүтэв үү?
-Өнөө өглөө (энэ сарын 18) Улаанбаатарт вагоноор ирсэн. Би мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байдаг. Эмчийн зөвлөгөөний хурлаар өнөөдөр орж, группээ сунгууллаа. Зорьсон ажил сайхан бүтлээ. Одоо Дархан руугаа буцах гэж байна. Орой 20.00 цагийн вагоноор буцна.
-Дарханы вагон явахаас та хоёр цагийн өмнө ирж.
-Тийм ээ. Ах нь эмнэлгээс энд хүртэл алхаад ирлээ. Улаанбаатарын замын түгжрэл ёстой аймар байна. Унаанд суусан бол ирээгүй байгаа даа. Эртхэн газар дөхөж байя гээд алхтал вагон хөдлөхөөс хоёр цагийн өмнө ирчихлээ.
Өнөөдөр эмнэлгээс гараад, наашаа явж байтал нэг ядарсан хүүхэдтэй таарлаа. Туслах гэсэн чинь надад мөнгө байдаггүй ээ. Цээж нүцгэн явж байхаар нь цамцаа тайлаад өгчихлөө.
Би Дарханаас ирэхдээ буцах билетээ бичүүлчихээд юм. Тэгээгүй байсан бол билетний мөнгөө өгчихгүй юү.
ТЭТГЭВРИЙНХЭЭ 100 МЯНГЫГ НЬ ХЭРЭГЛЭЭД, БУСДААР НЬ ХҮҮХЭД БАЯРЛУУЛДАГ
-“Хүүхэд баярлуулдаг өвөө” гээд Дарханыхан таныг анддаггүй юм билээ. Хэн хүнээс илүү онцлон хүүхэд баярлуулж, байгаагаа илүүчлэх болсонд тань юу нөлөөлсөн бэ?
-Дээхнэ үеийн хөгшчүүд хүүхдийг “Баастай бурхан” гэдэг байлаа. Би 1998 онд тэтгэвэрт гарсан. Тэр үеэс өнөөг хүртэл байгаагаа хүүхдэд илүүчилж, баярлуулж явна.
Хүүхэд баярлуулсныгаа би туслалаа гэж огт бодож байгаагүй. Миний төдийгүй хүн бүрийн үүрэг байхгүй юу. “Баастай бурхан”-ыг баярлуулах үүргээ биелүүллээ л гэж боддог. Амьд л байж байвал энэ үүргээ тасралтгүй биелүүлж явах юм сан. Өөр юм байхгүй. Хүүхэд тааралдвал “Хэрэгтэй зүйлийг нь аваад өгчих юм сан. Мөхөөлдсөөр ч болтугай дайлах сан” гэж боддог.
Би сард 750.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. 100.000 нь миний амьдралд, хэрэгцээнд хангалттай хүрдэг. Бусдыг нь хүүхэд баярлуулахад зарцуулдаг, хэрэгтэй зүйлд нь зориулдаг.
Надад мөнгөний хэрэг байхгүй. Боломж, бололцоогоороо илүүчлээд л хүүхэд баярлуулахыг чин сэтгэлээсээ үргэлж хүсдэг. Хүмүүс “Өөртөө зарцуул” гээд намайг загнадаг юм. Бусдыг баярлуулж, байгаагаа хуваалцах шиг сайхан зүйл үгүй. Би бусдад таалагдах, нэр хүндтэй болох, буян хураахын тулд хүүхдэд тусладаггүй. Түрүүн хэлсэнчлэн “Туслалаа” гэж бодсон удаа надад үгүй. Дарханыхан намайг "Дарханы хар өвөө" гээд андаггүй.
БАЯРЛУУЛСАН ХҮҮХЭД МААНЬ "БАЯРЛАЛАА ӨВӨӨ" ГЭЭД ИНЭЭД ЦАЦРУУЛАН ГҮЙЖ ЯВААГ НЬ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
-Таарсан хүүхэд бүрийгээ баярлуулахыг хичээдэг үү. Эсвэл амьдралын боломж, бололцоо тааруу хүүхдийг голдуу баярлуулдаг уу?
-Хүүхэд л бол хүүхэд. “Тийм хүүхдэд туслана” гэж бяцхан бурхдыг ялгах муухай. Хүүхэд гэрэлтэй нүдтэй. Баярлуулахаар нүд нь бүр ч гэрэлтдэг. “Баярлалаа өвөө” гэж хэлэхээр нь, баярлаад гүйж явааг нь хараад миний сэтгэл их догдолж, “Дахиад олон хүүхдийг баярлуулах юм сан” гэх бодол төрдөг.
Тэтгэврээ аваад автобусанд суулаа гэж бодоход тэнд яваа бүх хүүхдийг даадаг. “Энэ автобусанд байгаа, орж ирэх бүх хүүхдийн билетийг өвөө нь төлнө” гэдэг.
-Бусдын адил мөнгөө хуримтлуулъя, хэрэгтэй зүйлдээ бүгдийг нь зарцуулъя гэж бодогддог уу?
-Тийм бодол огт төрдөггүй. Хүмүүс намайг “Үрэн таран” гэж шүүмжилдэг. “Мөнгөө хуримтлуулах чухал. Бие нь өвдвөл, эм, тан авах шаардлага гарвал танд мөнгө хэрэгтэй” гэж зөвлөдөг. Хүнд мөнгө хэрэгтэй юү хэрэгтэй. Чухал хэрэглээ мөн үү мөн. Гэхдээ үхэх ээлж ирвэл тэрбум төгрөгтэй байсан ч өөд болно.
Монголын үрс маш олон болж, инээд хөөрөөр бялхан, аз жаргалтай байхаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Бяцхан үрс маань Монголын ирээдүй. Түүнээс биш өтөлж яваа би биш шүү дээ. Би одоо нэг их мөнгө цуглуулж, хуримтлуулаад яах вэ дээ. Хэд наслана, хэзээ үхнэ гэж цуглуулах вэ. Хоёр хүү минь байсан бол өөр хэрэг. Хуримтлуулж, хадгалж байгаад хүүхдүүддээ өгье гэх сэн.
-Байгаагаа бусдад хуваалцан, илүүчилж, хүүхэд баярлуулахыг хамгийн сайхан нь юу вэ?
-Би хүүхэд баярлууллаа, байгаагаа хуваалаа гээд бусдад туслаж байна гэсэн үг биш. Нэг их кайф аваад, баярладаггүй. Зүгээр л үүргээ биелүүлж байгаа минь энэ.
ХАЛААС ХООСОН ЯВЖ БАЙХАД ЯДАРСАН, ТУСЛАЧИХМААР ХҮҮХЭД ТААРАХ Л ХАМГИЙН ХЭЦҮҮ
-Боломж, бололцоогүй үедээ баярлуулчихмаар, туслачихмаар хүүхэдтэй таарах танд хүнд байдаг уу?
-Харин тийм ээ. Ёстой хүнд байдаг шүү. Халаас хоосон явж байхад ядарсан хүүхэд таарах шиг хэцүү юм байхгүй.
-Та ер нь одоогоор хэчнээн хүүхэд баярлуулж, байгаагаа хуваалцаад байгаа вэ. Тоолсон удаа бий юү?
-Юу гэж тоолох вэ. “Тэдэн хүүхдэд туслалаа. Тэд боллоо” гээд тоолох шиг муухай юм байхгүй. 1998 оноос хойш сар бүрийн тэтгэврийн мөнгөөрөө хүүхэд баярлуулж байгаа гэхээр овоо тоо гарах нь ойлгомжтой.
30 гаруй жилийн өмнө хань минь бурхан болсон. Хоёр хүү минь БНСУ-д очоод ор сураггүй алга болоод долоон жил болж байна. Хүүхдүүдээ өдөр бүхэн санадаг, нэг л өдөр хүрээд ирэх байх гээд харуулддаг. Явсан газар бүрдээ л хүүхэд баярлуулахыг хүсдэг. Хоёр хүүгээ санасан сэтгэлийг минь нимгэлдэг.
Нээрэн, би хэдэн сарын явж байгаад нэг хүүхдийг баярлуулсан юм. Өнгөрсөн долоо хоногт өнөөх хүүхэд чинь аав, ээжтэйгээ хамт намайг хайсаар ирсэн. Тэгээд төрсөн өдрийн урилга өгсөн гээд бод доо. Гоё байгаа биз.
-Хөөх, ямар хөөрхөн юм бэ.
-Урилган дээрээ ёстой хөөрхөн шүлэг биччихсэн байна лээ. Миний халаасанд одоо ч бий. Нандигнаад хадгалчихсан юм. Шүлгийг нь уншиж өгч болох уу?
-Бололгүй яах вэ.
Сүүний үнэртэй сэвлэг
Нялх багын гоёл
Сэвлэг даахиа үргээх нь
Эцэг өвгөдийн соёл
Уран цагаан хайчаа
Хадаг идээтэй бэлдлээ
Өлзий дүүрэн ерөөлөөр
Өсвөр насыг минь мялаана уу
Өвөр дүүрэн чихрээр
Өхөөрдөм даахыг минь үргээнэ үү
Эрхэм хүндэт өвөө Д.Баяраа таныг төрсөн өдөртөө урьж байна” гэж бичсэн байна лээ.
-Алив бүхнээ бусдаас харамлахгүй, гараа дэлгэж байхын сайхны талаар манай уншигчдад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Дээхнэ үед “Хүүхдийн алгыг дээш нь харуулж бай” гэж өвгөд сургадаг байлаа. Хүн байгаагаараа амьдрах, бусадтай хүртэхийнх нь хэрээр хуваалцах хэчнээн сайхан гэж санана. Байгаадаа сэтгэл хангалуун бай. Битгий илүү, дутуу хар. Хүн ганц л амьдарна. Утга учиртай, амьдарсан шиг амьдрах хэрэгтэй.
Дээхнэ хүмүүс нэгнээ халуун сэтгэлтэй байсан. Мал гаргасан ч гэдсийг нь саахалтын бүхий л айлд хүртээдэг байлаа. Одоо тэгсэн яасан. Хөрш айлынхаа хүнийг танихгүй айл олон байна. Өнөө цагт хүмүүс улам л амин хувиа хичээсэн, өөрийгөө л болгож байвал бусад нь хамаагүй гэсэн хандлагатай болоод байх шиг. Энэ хэрээр монгол хүний тусархуу, нэгнээ гэсэн сайхан сэтгэл бүдгэрээд байх шиг. Үүнд л их эмзэглэж явдаг даа.