НЗДТГ-аас жил болгон "Намрын ногоон өдрүүд" болон хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулдаг.
Энэ жил эдгээр худалдаа, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө.
Нийслэлийн есөн дүүрэгт наймдугаар сарын 1-нээс эхлэн 31 байршилд төмс, хүнсний ногооны худалдааг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 7 дүүргийн 17 байршилд 186 цэг иргэдэд үйлчилж байгаа юм байна.
Орон нутгаас ирсэн ногоочдоос төлбөр болон нэмэлт түрээс авахгүйгээр худалдааг зохион байгуулж буй аж. Мөн 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн есөн дүүрэгт 22 байршилд хичээлийн хэрэгслийн худалдааг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Батлагдсан байршлуудад иргэн, аж ахуйн нэгжүүд асар, майхнаа өөрсдөө бэлтгэн авч ирээд үнэ, төлбөргүйгээр худалдаа, үйлчилгээ явуулах боломжтой гэж Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдэгдлээ.