Увс, Ховд аймгийн зааг, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 90 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц барих ажил эрчимжиж байна. Усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүс ОХУ эрчим хүчний хараат байдлаас гарч, улмаар төвийн бүсэд эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэнэ. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор нөлөөллийн бүсэд орсон айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Бид орон нутгийн иргэд, судлаачдын байр суурийг сонирхлоо.
УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬСНААР БАРУУН БҮСЭД ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БИЙ БОЛНО
МУИС,Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Энх-Амгалан : Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл нь нэлээд олон жилийн өмнөөс яригдсан. Сая БНХАУ-ын гадаад хэргийн сайдын айлчлалаар санхүүгийн асуудал нь шийдэгдлээ. Нийтдээ 288 сая ам.долларын санхүүжилттэй. Үүнээс 271 сая орчим доллар нь Хятадын засгийн газраас гарна. Үлдсэнийг нь Монголын газар хариуцах юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар манай улсад өндөр ач холбогдолтой. Макро түвшинд авч үзвэл, төлбөрийн баланс дахь урсгал тэнцлийн зөрүү багасна. Дээрээс нь Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Харин микро түвшиндээ авч үзвэл, баруун бүсийн өрх айлууд хямд цахилгааны эх үүсвэрээр хангагдана. Ингэснээр үйлдвэрлэл эрхлэх, баруун бүсэд хямд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, ААН зардлаа бууруулах боломж үүснэ. Энэ хүрээнд төвийн бүс рүү шилжих хөдөлгөөн багасах учраас баруун бүсэд тогтвортой хөгжил бий болно гэж харж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ БИД ЭСЭРГҮҮЦЭХГҮЙ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн иргэн Б.Мөнхбаатар: Засгийн газраас нэгэнт тогтоогдсон шийдвэрийг бид эсэргүүцэх шаардлага байхгүй. Нэгэнт төсөл нь батлагдчихсан. Ядаж малчдаа хохиролгүй байлгахаар нөхөн олговор олгох байх. Биднийг нүүх, хаваржих газартай болгож өгвөл сайн байна. Хадлан бордоо яах юм бол?Энэ жил усны түвшин бага байна. Хадлангийн гарц муу байна. Станц баригдаад ирэхээр усны түвшин яадаг юм бол? Тэр бүгдийг шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.
ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ, ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ХАМГИЙН ЧУХАЛ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга Н.Цэвэлмаа: Манайх 420 гаруй малчин өрхтэй. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг манай сумын иргэд дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг дагаад эерэг болон сөрөг нөлөө гарна. Манай суманд станц баригдсанаар баруун таван аймаг ОХУ-аас авдаг цахилгааныг илүү хямдаар хэрэглэх нөхцөл бүрдэж байна. Баянгол багийн таван өрхийг станцын бүтээн байгуулалтын ажлаас шалтгаалан нүүлгэн шилжүүлэхээр болсон ч хараахан хаашаа нүүхээ шийдэж чадаагүй байна. Бид нүүхэд бэлэн. Харин нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой хөрөнгө санхүүг Засгийн газраас гарган өгч иргэдийг хохиролгүй болгоосой гэж хүсэж байна. Тэгвэл иргэд үүнийг асуудалгүй дэмжинэ. Манай багийн нутагт янгир, аргаль, ирвэс гээд ховор ан амьтан олон. Тиймээс эдгээр амьтдыг мөн нүүлгэн шилжүүлэх ажил ярих байх. Голын халиа, ан амьтан, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой үнэн зөв мэдээллийг иргэдэд өгч, хохиролгүй байлгаасай гэж хүсэж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.