Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд барилга барьж, оршин суугчдыг хохироох гэж байна гэсэн гомдлын дагуу дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Нийслэлийн 21 дүгээр сургуулийн урд, “Наран палас” худалдааны төвийн хойно байрлах газрыг “Наран Трейд” компани эзэмшдэг байна.
Тэд анх сургууль, цэцэрлэгийн цогцолбор, ногоон байгууламж бий болгоно хэмээн танилцуулж байсан ч үүнээс зөрж, орон сууцны хажуугийн буйдхан газар 16 давхар барилга барихаар зэхэж эхэлсэнд иргэд гомдолтой байгаа юм.
Биднийг очиход “Хүүхдээ хаана тоглуулж, яаж амьдрах юм бэ” хэмээн оршин суугчид бухимдаж байлаа.
Оршин суугчид “Энд олон давхар орон сууц барихгүй гэж “Наран Трейд” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Болдхэт 2021 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгч П.Наранбаяр, Д.Гантулга нартай уулзах үеэрээ танилцуулж байсан. Гэвч одоо 16 давхар орон сууцны барилгын ажил явуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Барилга хоорондын стандарт зөрчсөн, хууль бус үйлдлийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм.
“16 ДАВХАР БАЙР БАРИГДВАЛ “НАТУР”-ЫН УУЛЗВАРЫН ТҮГЖРЭЛ НЭМЭГДЭНЭ”
Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо зогсоолын талбай муутай. Иргэд амарч, салхилах талбай байхгүй. Мөн цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хэцүүхэн. Гэтэл энэ газарт барилга барих нь иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг алдагдуулж, улам хүнд байдалд орох нь гэж оршин суугчид барилгын ажлыг эсэргүүцэж байна.
Мөн “16 давхар байр баригдвал эргэн тойрны байрууд нь нар үзэхгүй. Халуун хүйтэн усны дамжуулалтад нөлөөлж, 21 дүгээр сургуульд хүүхдээ өгөхөд улам хүнд бэрхшээлтэй болно. “Натур”-ын уулзвар улам их түгжирдэг болох нь ойлгомжтой. “Натур”-ын уулзвар илүү их түгжирдэг болбол 25-р хорооны иргэдэд ч хүндээр нөлөөлнө. Мөн 25-р хорооны иргэдийн ихэнх нь хүүхдээ 21 дүгээр сургуульд өгдөг. Энэ газар олон давхар орон сууц барих нь 6, 25, 13-р хорооллын иргэдэд бүгдэд нь хүндрэл учруулна” гэж тус хорооны иргэдийн төлөөлөл хэлж байлаа.
“ЭЗЭМШЛИЙН ГАЗРАА ОЛОН ЖИЛ ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛААГҮЙ УЧИР ТӨРД БУЦААЖ ӨГ”
Иргэд:
- Хотын дарга Л.Сумъяабазарын хотын А зэрэглэлийн бүсэд барилга байшин бариулахгүй гэдэг захирамж гарсан. Гэтэл одоо энд барилгын ажлаа эхлүүлэх гэж байна.
Манай байр 2021 онд газар хөдлөлтөд тэсвэргүй гээд мэргэжлийн хяналтаас тодорхойлсон. Гэтэл энэ радиус дотор дөрөв, тавхан метрт байшин барих гээд байна.
21 дүгээр сургууль нэг ээлждээ 1 мянга 500 хүүхэд хүлээж авдаг. Энэ жил ачааллаа дийлэхгүй, гурван ээлжээр ажиллаж байгаа. Өмнө нь хоёр ээлжээр сурч байхад энэ зам, талбай таг түгжирдэг байсан. Манай байрны дотор голоор явах зам байдаггүй. Ачааллаа дийлдэггүй байрны голын дунд замыг төв зам шиг болгочхоод, дахиад энэ байр орц гарц хийнэ гэж байна.
- 1994 онд өмч хувьчлалын хуулийн дагуу, дуудлага худалдаагаар Наран Трейд ХХК цэцэрлэгийг давуу эрхтэйгээр хувьчилж авсан. Өнөөдөр өмч хувьчлалын хуулийн дагуу аль хэдийн, төр захиргааны хүмүүс энэ асуудлыг шийдэх ёстой байсан. Эзэмшлийн газраа зориулалтаар нь ашиглахгүй таваас дээш жил болсон бол төр хураах ёстой.
- Хоёр дүүгээ аваад салхилуулъя гээд гадаа гарахаар тоглох тоглоомын талбай байдаггүй. Ойрхон Нарангийн хажуугийн тоглоомын талбайд очъё гэхээр харуулууд нь хөөгөөд байдаг. Энэ талбайд их том зай байгаа. Түүнийхээ жаахан хэсэгт нь ч болов хүүхдүүд тоглож чадахаар талбай гаргаж өгөөч гэж хэлмээр байна.
- “Наран трейд” гэдэг компани маш олон жилийн хугацаанд Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулаад, Монголчуудад импортын бараа зарж, өргөжиж, ашиг олж байгаа учир нийгэмдээ буцаагаад өгөх хэрэгтэй. Гэтэл цэцэрлэгийнх нь талбайг дээрэмдчихээд, энэ газарт нь орон сууц барина гэж байгаа нь энэ компани ямар ч нийгмийн хариуцлагагүй, ард иргэдээ боддоггүй компанийн илрэл. Цэцэрлэг, сургууль хомсдолтой байхад цэцэрлэгийн газрыг нь дээрэмдчихсэн. Нэмээд ийм жижиг газар сургууль, цэцэрлэг, спорт заал, газар доошоо ордог дөрвөн давхар граж барина гэнэ. Дахиад 16 давхар байр барина гэж байна. Наран компаниас битгий худалдан авалт хий. Ийм нийгмийн хариуцлагагүй, нийгэмдээ буцааж өгдөггүй компаниудыг үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хориглох хэрэгтэй” гэв.
ИРГЭД: НАРАН ТРЕЙД ХХК ЭНЭ ГАЗРЫГ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН ХУВЬЧИЛСАН
“Наран Трэйд” ХХК 1997 онд энэ газрыг хувьчилж аваад өдийг хүртэл дэлгүүрийн агуулах, төлбөртэй машины зогсоол болгож ашиглаж ирсэн. 1997 онд Наран Трэйд ХХК-ийн захирал С.Болдхэт нь улсын их хурлын гишүүн, хууль тогтоогч байсан ба албан тушаалаа урвуугаар ашиглан хувьчилж авсан байж болзошгүй гэж оршин суугчид хардаж байгаагаа хэллээ.
Мөн энэ газрын гэрчилгээг 2015 онд Э.Бат-Үүл хотын дарга байхдаа дахин сунгаж өгсөн байдаг. С.Болдхэт нь одоо ч Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн хэвээрээ. Э.Бат-Үүлийн намынхаа журмын гишүүндээ буюу ашиг сонирхлын зөрчилтэй этгээддээ газрын гэрчилгээг сунгаж өгсөн нь хууль ёсны тогтоол, шийдвэр биш гэж иргэд үзэж байгаа тухайгаа ч ярьсан юм.
ИРГЭДЭД НОГООН БАЙГУУЛАМЖ, ХҮРТЭЭМЖТЭЙ ЦЭЦЭРЛЭГ АМИН ЧУХАЛ БАЙНА
Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны засаг дарга Н.Энхбаатар “Манай зургаадугаар хороо хүн амын нягтаршил ихтэй. Гэхдээ талбайн хувьд маш жижигхэн. Хорооллын дунд авто зам 21 дүгээр сургуульд олон хүүхэд сурдагтай хүн амын нягтаршил ихтэй учраас дахиад орон сууц баривал улам л хүндэрнэ. Олон сөрөг үр дагавартай” гэв.
“СТАНДАРТЫН ДАГУУ ЗУРГААН МЕТР ЗАЙД БАРИЛГАА БАРЬЖ БАЙНА ”
Бид мэдээллээ тэнцвэртэй байлгах үүднээс “Наран Трейд” ХХК-аас энэ асуудлын тухай тодрууллаа. Энэ компанийн зүгээс зураг төслийн дагуу стандартад нийцсэн барилгын төслийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа гэсэн мэдээлэл өгсөн юм.
“Наран Трейд” ХХК-ний барилгын төслийн менежер Н.Төрбаяр “Бид 2012 онд газрын ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. Энэ нь найман блок 16 давхар барилга барих төлөвлөгөө. Барилга хажуу байрнаасаа зургаан метр зайтай байхад болдог. Манайх 40 метр зайтай. Манай газрыг төр буцааж аваад автомашины зогсоол болгох ёстой гэж ярьж байна.
Бидний шинээр төлөвлөж байгаа барилга төвийн шугамын магистрал шугамд холбогдоно. 21 дүгээр байрны шугамтай ямар ч хамаарал байхгүй. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгын хажууд барилга барихыг хориглодог гэдгийг би мэдэхгүй.
21 дүгээр байрны хажууд норм стандартын дагуу зургаан метр зайд байхад манай барилга зөвшөөрөгдөх ёстой. Бид 21 дүгээр барилгаас 40 метр орчим зайд байгаа” гэсэн юм.
Түүнчлэн, бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг асуудлыг тодрууллаа. “Барилга холбогдох хууль журмын дагуу баригдаж байгаа эсэхэд мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргаж байна. Иргэдийн гомдлын дагуу ажиллаж байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэсэн юм.
Видеог дээрээс үзнэ үү.