Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр Монгол улсын эрсдэс баялгийн салбарын экспортод нэг ахиц гарсан нь онцолж тэмдэглэх чухал мэдээ байлаа. Айлчлалын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болов. Ингэснээр, уул уурхайн салбараасаа хараат манай улс ирэх жилүүдэд айх айдасгүйгээр “авдрынхаа” хөрөнгийг олох таатай нөхцөл бүрдэхээр байна.
Манай улс Тавантолгой-Гашуунсухайт 267 км төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км замыг энэ онд багтааж, бүрэн ашиглалтад оруулахаар төлөлөсөн. Ингэснээр эдгээр замуудаар жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох шинэ гарц нээгдэхээр байна.
НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ ХИЛЭЭР ГАРАХ МАШИНЫ ТОО ДӨРӨВ ДАХИН БУУРСАН
Өнөөдрийг хүртэл манай улс Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсээ авто замаар тээвэрлэж, БНХАУ руу экспортолж байна. Манай гол худалдан авагч хэдхэн “алхмын” цаана байгаа ч бид ялангуяа, цар тахалтай нүүр тулсан жилүүдэд хилээр нүүрсээ гаргаж чадахгүй хүнд байдалд орох болсон. Энгийн үед Гашуунсухайт-Ганц мод боомтоор 1200 орчим автомашин нүүрс тээвэрлэн хилээр нэвтэрдэг байсан бол энэ тоо дөрөв дахин буюу огцом буурч, 200-300 машин л Хятадын тал руу нэвтэрдэг болоод удсан. Шалтгаан нь, Монгол талын жолооч нараас Коронавирусийн халдвар илэрч байгаа учраас, айлын талаас хяналтаа чангатгасан хэрэг. Тэд тавьдаг ганц шаардлага нь, хүн хоорондын харилцаа бага үүсгэх байдлаар нүүрсээ гарга гэдэг. Үүний хариуд жолооч нарыг бөмбөлөгт тээврийн зохион байгуулалтад оруулж, чингэлгээр нүүрс тээвэрлэж эхэлсэн ч нөхцөл байдал өмнөх шигээ бүрэн сэргэж чадахгүй л байна. Тиймээс манай улс уул уурхайн баялгаасаа төсвөө бүрдүүлэхийн тулд Төмөр зам л хамгийн чухал шийдэл болоод буй юм.
ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭР ХИЙСНЭЭР ЭКСПОРТ 30 ХУВИАР НЭМЭГДЭНЭ
Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр зам ашиглалтад орсноор нүүрс экспортын зардал 32 ам.доллараас 8 ам доллар болж, дөрөв дахин буурна. Ингэснээр уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэх юм байна. Түүнчлэн, тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнууд олборлолтын хэмжээгээ 2-3 дахин нэмэгдүүлэх тооцоо хийжээ. Цаашлаад, том зургаараа харвал, уул уурхайн салбарын эрдэс бүтээгдэхүүний экспорт 30 хувиар өсөх тооцоо гараад буй юм.
БИД ХЯТАДЫН ТАЛТАЙ ЯРЬЖ, ЮУГ БАТАЛГААЖУУЛАХ ЧУХАЛ ХЭРЭГТЭЙ БАЙСАН БЭ?
Улс хооронд тавих төмөр замын огтлолцыг цэгийг хоёр улс дипломат шугамаар тохиролцдог. Өнгөрсөн оны сүүлчээр манай улс шинэ төмөр замынхаа огтлолцлын цэгийг урьдчилсан байдлаар Хятадын талтай тохироод байсан бол Ван И сайдын албан ёсны айлчлалын үеэр үүнийг баталгаажуулж байна. Энгийнээр тайлбарлавал, төмөр замын цариг ямар байх, хаагуур огтлолцох вэ гэдгийг урд хөрштэй нарийн тохиролцсон гэсэн үг юм. Төмөр замын байгуулалт, хилийн огтлолцлын цэгийн тухай өмнө нь албаныхан “Хятадын талаас оруулж ирэх нарийн царигтай төмөр замыг манай нутаг дахь өргөн цариг бүхий төмөр замтай уулзуулж, Монголын талдаа ачиж буулгах терминалыг байгуулна. Хятадын талаас аль хэдийнэ цаанаас төмөр замыг хил дээр тулгаад байгуулчихсан. Манай улс одоо яаравчлах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байлаа.
1000 ГАРУЙ ЖОЛООЧ АЖИЛГҮЙ ҮЛДЭХ ҮҮ?
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний төдийгүй, уул уурхайн экспортын гол гарц нь төмөр зам болно. Гэхдээ өнөөдөр Цагаанхад суурьшлын бүс болон бусад хилийн боомтуудад тээвэр хийж, өрхийн орлогоо олж буй жолооч нарыг хохироохгүйн тулд нүүрс тээврийг авто тээврээр давхар явуулах хувилбарыг ярьж байна. Төмөр зам болон авто тээвэр гэсэн экспортын хоёр гол гарцтай болсноор ямар ч үед “гал алдахгүй”, экспорт хэвийн үргэлжлэх боломжийг нээнэ гэж тооцоолж байна. Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замууд экспортод “тэсрэлт” авчирна гэсэн хүлээлт байна.
ЯАРАХГҮЙ БОЛ ГОРЬГҮЙ НЬ
Дэлхий дахиныг хамарсан тээврийн асуудал, урд хөршийн цар тахлын нөхцөл байдал зэргээс шалтгаалж, манай улс энэ онд төсвийн орлого тасалдах бодит эрсдэлтэй тулаад байна. Энэ оны улсын төсвийг батлахдаа энэ онд нийт 36,7 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Ингэхдээ нэг тонн нүүрсийг 128 ам.доллараар борлуулна гэж тооцоолжээ. Энэ бол түүхэнд байгаагүй хамгийн өндөр дүн. Цар тахалтай нүүр тулсан 2021 онд 20 сая тонн нүүрс экспортолж чадаагүй манай улс ийм их хэмжээний нүүрс экспортлохоор тооцсон нь үнэхээр эрсдэлтэй алхам гэдгийг эдийн засагчид анхааруулж буй. Учир нь, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс дөнгөж 3 сая тонн нүүрс экспортолж, хил гаалийн асуудлаа ч цэгцэлж чадаагүй байсан. Өнөөдөр ч зорилтынхоо 30 хувьд ч хүрч амжаагүй л байна. Тиймээс экспортоо шуурхайлж, ирэх намраас уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоход анхаарах шаардлага тулгарч байна.
Ийнхүү улстөрийн шалтгаанаар олон жил гацаж, төмөр зам бүрэн ашиглалтад орж, Монгол улс төмөр замаар эрдэс баялгаа саадгүй тээвэрлэх боломж ойртсоор байна. Хамгийн гол нь төлөвлөснийхөө дагуу ажлаа урагшлуулж, “улаан гэрэл ассан” экспортдоо яаралтай сэргэлт авчрах чухал болоод байна.