БНХАУ болон Тайванийн хооронд хурцадмал байдал үүссэн энэ үед Тайваний нөхцөл байдал ямар байгаа тухай тус улсад сурдаг Монгол оюутан Т.Цэрэнпунцагаас тодрууллаа.
Тэрээр, "Тайваньд одоогийн байдлаар нөхцөл байдал тайван байна. Ажил явдгаараа явж, иргэдийн амьдрал хэвийн үргэлжилж байна. Гэхдээ энэ сарын 4-8-ны хооронд БНХАУ-ын цэргийн сургуулилтын баазууд гарсан учир сэрэмжилсэн байдалтай байгаа. Хоёр удаа бэлтгэлийн сэрэмжлүүлэг байдлаар түгшүүрийн дохио дуугарсан. Өөр албан ёсоор түгшүүрийн дохио дуугараагүй.
Тайваний иргэд дайн болно гэж бодохгүй байгаа" гэв.
Сүүлийн хоногуудад Тайваньд болсон үйл явдлуудыг товчлон хүргэвэл:
- Өчигдөр Тайвань руу ирэх байсан 51 нислэг цуцлагдсан.
- Мөн өчигдөр Тайваний гудамж, олон нийтийн газруудад байрладаг дэлгэцүүд дээрх видео гэнэт өөрчлөгдөж, хөтөлбөрөөс өөр дүрсүүд үе үе гарах болсон. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Хятадын онлайн хакерууд өдөөн хатгалга хийж байж магадгүй хэмээн таамаглаж байна” гэсэн анхааруулга мэдээлэл цацсан
- Хэрвээ дайн эхэлж, бөмбөгдөж эхэлбэл, хорогдох байрны байршил заагч аппликейшн гаргасан. Түүнийг ашиглаад өөрт ойр байгаа хорогдох байрны байршлыг харж, очих боломжтой.
- Тайваний арми “6-7 байршилд БНХАУ-ын цэргийн бэлтгэл хийж байгаа болов уу” гэж таамаглаж байна.
- Тайваний иргэд Ненси Пелоси ирэхэд нааштайгаар дэмжиж, хүлээж авсан. Тэр ирснээр, АНУ тус улсыг дэмжиж байгаа учир илүү хүчирхэг болно гэж иргэд ярьж байна.
- Анх Нэнси Пелоси ирэхэд Тайваний нэг хотод туг, лоозон өргөж, цөөн тооны иргэд жагссан. Энэ нь Нэнси Пелоси Тайваньд ирснээр дайн эхэлнэ гэж ойлгосон иргэд байсан.
“УЛААНБААТАР ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРААС АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭНЭ”
Т.Цэрэнпунцаг үргэлжлүүлэн ярихдаа, "Монгол улсын Гадаад харилцааны яамнаас Тайвань дахь иргэдийн шинэчилсэн бүртгэл хийсэн. Тайваньд оршин суугаа иргэдийн нэгдсэн холбоо гэж байдаггүй. Өөр өөр хотуудад сурч байгаа оюутнууд сошиал орчинд өөрсдийн мэдээллийг солилцдог. Анх байдал хурцадлаа гэх үед далайн эрэг дагуу амьдардаг Монгол иргэдээ яаралтай бүртгэж байна гэсэн мэдээлэл гарч байсан.
Улаанбаатар хотын төлөөлөгчийн газраас “хуурамч мэдээлэлд итгэж болохгүй. Зөвхөн манайхаас албан ёсны мэдээлэл хүргэх болно” гэж бидэнд сануулсан" гэв.
“ТАШАА МЭДЭЭЛЛЭЭС ҮҮДЭН ГЭР БҮЛИЙНХЭН ИХ САНАА ЗОВСОН БАЙСАН”
Мөн тэрээр, "Монголд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр баталгаатай эсэх нь мэдэгдэхгүй мэдээллүүд их цацагдаж байгаа харагдсан. Анх АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси ирэх үед Тайваний агаарын аюулгүй бүсэд Хятадын байлдааны онгоц харагдсан учир Монголын хэвлэлээр дайн эхэллээ гэсэн утга бүхий мэдээллүүд цацагдсан. Түүнээс шалтгаалан Монголд байгаа гэр бүлийнхэн маань надаас илүү айж, түгшсэн байдалтай хүлээж авсан. Гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярьж, энд тайван байгаа тухай тайлбарлаж ойлгуулсан. Тэд маш санаа зовсон байсан".
“БАЙДАЛ ХҮНДЭРВЭЛ ТАЙВАНЬД БАЙГАА ИРГЭДЭЭ ТАТНА”
Хэрвээ БНХАУ, Тайваний хооронд дайн болбол манай улсаас ямар арга хэмжээ авч ажиллах тухай Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Одоогийн байдлаар нөхцөл байдал тайван байна. Манай улсаас Тайвань улсад оршин суудаг 900 орчим иргэн бий. Үүний дийлэнх буюу 80 орчим хувь нь оюутнууд юм. Ихэнх оюутан зуны амралтаараа Монголдоо ирсэн байна. Одоо 460 орчим иргэн Тайваньд амьдарч байна.
Тайваньд байгаа Монгол иргэдийн шинэчилсэн, дэлгэрэнгүй бүртгэлийг хийж байгаа.
Хэрвээ байдал хүндэрвэл иргэдээ татах арга хэмжээ авна. Мөн яаралтай үед авах арга хэмжээний төлөвлөгөө гаргасан.
Онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллана.
Тайпэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байна” гэсэн юм.