Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурал өчигдөр болжээ. Хурлаар:
-
Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
-
Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулгыг хэлэлцжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөгөөр шинэчлэн тогтоосон байна.
Амьгүй донор болж эс, эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөгөөр тогтоолоо.
Тогтоолыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Оршуулгын тэтгэмжийн хэмжээг өмнө нь:
-
2002 онд Засгийн газрын шийдвэрээр 148,500 төгрөг
-
2009 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 300,000 төгрөг
-
2013 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 620,000 төгрөг
-
2016 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 1,000,000 төгрөгөөр тогтоож байв.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа сайд ажилладаг. Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг юм.
Зөвлөлийн өмнөх хурал зургадугаар сард болжээ.