Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр “Багануур” ХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажилтай танилцлаа.
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангахад гол үүрэг гүйцэтгэн ажилладаг уурхайн хувьд “Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 50 хувьтай үргэлжилж байна. Салбарын сайд ажлын явц, төлөвлөгөөний биелэлт, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж үүрэг даалгавар өглөө.
Компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, өвлийн бэлтгэл хангахад тулгамдаж буй хүндрэлтэй байгаа асуудлуудаа танилцуулсан. Тухайлбал:
- Түлш, тэсрэх материал, дугуй, тослох материалын нөөц бэлдэхэд шаардлагатай санхүүжилт
- Тоног төхөөрөмжүүдийн агрегат засвар, нэн шаардлагатай техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх санхүүжилт
- Татвар, нийгмийн даатгал зэрэг урт богино хугацаат өр төлбөр
- Хөдөлмөрийн тухай хууль, дундаж цалин хөлс тодорхойлох журам шинэчлэгдсэнтэй холбоотойгоор үүссэн санхүүгийн хүндрэл зэрэг асуудлуудыг танилцууллаа.
Сайд Н.Тавинбэх “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн асуудлыг ойрын хугацаанд ЗГ-ын хуралдаанд танилцуулах талаар хэллээ. Мөн хил гааль дээр саатаад байгаа сэлбэг материалыг хурдан татан авахад анхаарал хандуулна гээд дараах үүрэг даалгаврыг компанийн удирдлагуудад өглөө. Үүнд:
- Авахад бэлэн нүүрсний нөөцийг нэмэгдүүлж төлөвлөсөн хэмжээндээ хүргэх
- ХАБЭА-д анхааран осол зөрчилгүй, сахилга хариуцлагатай ажиллах
- Хөдөлмөрийн хуультай холбоотой үүссэн асуудлаар ажилтнуудтайгаа ойлголцож ажиллах
- Ковид-19 вирусын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ажилтнууддаа халдвар хамгааллын дэглэм баримтлуулах зэрэг үүрэг даалгаварыг өглөө.
Эх сурвалж: Эрчим хүчний яам