Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 0167 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н энэ сарын 13-нд барилгын хажуугаас нас барсан байдалтай олдсон.
Хэргийн тухай Батлан хамгаалахын яамнаас тодруулахад "0167 дугаар ангид цэргийн албан хаагч амь насаа алдсан тухай мэдээлэл өмнөх жижүүрээсээ авсан. Одоо дөнгөж ээлжээ сольж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм.
Энэ хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
Хохирогч “Н” нь тус аймагт байрлах Зэвсэгт хүчний 0167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөн тус хэрэгт Зэвсэгт хүчний 0167 дугаар ангийн албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.