2020 оны сонгуулийн эрх баригч нам ямар амлалт өгч байсныг эргэн сануулж байна. МАН-ын мөрийн хөтөлбөр нийт 52 хуудас бөгөөд ядуурлыг хоёр дахин бууруулна гэх зэргээр өөдрөг төсөөлөл бүхий амлалтыг өгч байсан нь баримт болон үлджээ.
МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэсгээс хүргэе.
“Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа бүх хөтөлбөрөө үргэлжлүүлж, улам өргөжүүлнэ. Нийгмийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэл хийж, хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд үе шаттайгаар шилжинэ. Нийгмийн даатгал төлдөг хүн бүр тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна орон сууцтай болох, мэргэжил, боловсролоо дээшлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Үндэсний өв соёл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн шинэ салбарыг хөгжүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжиж, дундаж давхаргын эгнээг өргөжүүлнэ.”
1.1 ОРЛОГОТОЙ ИРГЭН
1.1.1. Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.
1.1.2. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна.
1.1.3. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно.
1.1.4. Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.
1.1.5. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.
1.1.6. Гарааны бизнес эрхлэгч оюутан, залууст бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
1.1.7. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
1.1.8. Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна.
1.1.9. Орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
1.1.10. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
1.1.11. Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
1.1.12. Арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ.
1.1.13. Зах зээлийн ил тод, нээлттэй байдал, шударга өрсөлдөөнийг хангаж, тэгш гараанаас бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
1.1.14. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлж, хамгийн бага түрээс төлөх зохицуулалт хийнэ.
1.1.15. Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.
1.1.16. Оюу толгой болон бусад уул уурхайн төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нийгмийн хариуцлагын сан байгуулна.
1.1.17. Хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлнэ.
1.1.18. Иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгоно” гэх зэргээр цогц төлөвлөгөө танилцуулж байжээ.