Дархан-уул аймгийн Хонгор сумын нутаг, Гавилвуу уулын ар бэлээс Сяньбигийн үеийн хаад язгууртны бунхант булш олдсон байна. Судалгааг доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг явуулж байна.
Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор бөгөөд Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог юм.
Малтлагын ажил энэ сарын 6нд эхэлсэн бөгөөд өнөөдрөөс судалгааны ажил эхэллээ.
Одоогийн байдлаар, бунхны хаалганы дотор талаас 1 бүтэн тарвага, 2 араатан амьтан, 1 бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээллээ.
Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ.
Дашрамд дурдахад Монголын түүхэнд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж байна.
Судалгааны багт Улаанбаатар их сургуулийн Түүх археологийн ангийн 1,2 дугаар курсийн оюутнууд багтаж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл, технологийн алба