Нийслэлийн аялал жуулчлалын газрын ээлжит мэдэгдэл төрийн бодлого хүнд суртал руу чиглэж буйг дахин батлав. Тэдний гаргасан мэдэгдлээр, гаднаас Монгол наадам үзэхээр ирсэн жуулчид өргөдөл бичиж, бөөн бичиг цаас болох юм гэнэ. Өөрөөр хэлбэл, аль нэг улс руу виз мэдүүлж буй аятай л хавтас тэвэрч гүйх хэрэгтэй болох нь. Тодруулбал, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэх жуулчид албан бичиг бичихээс гадна, Нислэгийн тийз, байрлах зочид буудлын мэдээллээ хүртэл Нийслэлийн аялал жуулчлалын газарт хүргүүлэхийг шаардаж байгаа юм байна. Хэрвээ энэ сарын 29-ний өдрөөс өмнө хүсэлтээ өгч амжихгүй бол аль ч орноос ирснийг үл харгалзан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгаар оруулахгүй ажээ. Ийм л дампуу шийдвэрийг Нийслэлийн аялал жуулчлалын газар гаргаж, олон нийтийг бухимдуулж байна.
Манай улс жуулчинд мэдээлэл хүргэх тал дээр “0” заасан гэж хэлж болно. Учир нь, өнөөг хүртэл Англи хэл дээр хөтөлдөг, аялал жуулчлалын эвентүүдийн мэдээлэл тогтмол хүргэдэг вэб сайт, бүртгэлийн систем ч алга. Ийм мөртлөө гадны жуулчдад чирэгдэл учруулах үйлдэл хийж суугаа нь харамсалтай.
Манай улсыг яаж 400 орчим мянган жуулчин зорьж ирдэг юм бэ гэж бодмоор, тийм л бодлоготой явж ирлээ, бид. Гадны жуулчдыг хүн биш, мөнгө гэж хардаг. Ялгаварлан гадуурхдаг гээд тоочвол урт жагсаалт гарна. Хамгийн ойрын жишээ нь, гадны жуулчинд хэт өндөр үнэ тулгаж, Монголчууд түүнээсээ хэт доогуур үнээр үйлчлүүлдэг. Үүнийг мэл гайхсан жуулчидтай бишгүйдээ л таарч байна. Дэлхийн аль ч орноос бид ийм гажуудлыг, улаан цайм мөлжлөгийг олж харахгүй. Энэ мэт алдаагаа засаж чадахгүй мөртлөө дахин л бүдүүлэг үйлдэл гаргаж байгаа нь эмгэнэлтэй. “Тэгээд яаж саяар тоологдох жуулчин авах гэсэн юм бэ?” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас асуумаар.
Манай улс гадаадын жуулчдын урсгалыг шат дараатай нэмэгдүүлж, 2024 он гэхэд 1 сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Ингэснээр ирэх 4 жилд аялал жуулчлалын салбараас 4 тэрбум ам доллар буюу 10 гаруй их наяд төгрөгийн орлого олохоор тооцоолж байгаа юм. Мөн 40 мянга орчим ажлын байр шинээр бий болно гэдгийг ч мэдэгдээд буй. Гэвч бодлогынхоо эсрэг энэ мэтээр явж, жуулчлал хөгжих яагаа ч үгүй гэдгээ дахин нэг батлаад харууллаа.