Төсвийн хөрөнгөөр барьж буй барилга, байгууламжийн үнийн зөрүүг төсөвт тусгана.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор улсын төсвийн хөрөнгөөр барьж буй барилга, байгууламжийн үнийн зөрүүг төсөвт тусгахаар шийдвэрлэсэн байна.
Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй цар тахал, геополитикийн асуудал барилгын салбарт хүнд цохилт болж буйг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцлов.
УИХ-аас барилгын материалын үнийн өсөлт, барилгын төсөвт нөлөөлж байгаа асуудлыг тодорхой болгох үүрэг өгсөн байна. Энэ дагуу улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй 1122 төслийн жагсаалт гаргажээ. Үүнээс энэ сарын 15-наас өмнө нийт 271 төслийг уг жагсаалтаас хасах мэдээллийг салбар бүрийн сайд нар БХБЯ-нд ирүүлсэн байна. Ингээд 851 төслийн жагсаалт эцэслэн гарсан байна.
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, “Нийт 851 төслөөс 524 төсөлд магадлал хийсэн. Харин 327 нь төсөл хэрэгжүүлэг магадлалаа ирүүлээгүй. Магадлал хийсэн 524 төсөлд 269.1 тэрбум төгрөгийн үнийн зөрүү гарч ирж байна. Энэ асуудлыг Сангийн сайдтай зөвлөж, өнөөдөр Засгийн газрын хуралд танилцууллаа. Ирэх долоо хоногоос уг хөрөнгийг улсын төсөвт суулгах асуудлыг ярьж эхлэх бөгөөд үүнийг батлах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ 269.1 тэрбум төгрөгт тээврийн үнийн өсөлтийг ч тооцсон” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.