Бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжлахыг зорилоо.
Бид эхлээд Барс захад очсон юм. Энд даавуун тор барьсан, ганц хоёроороо хүнсээ цуглуулж байгаа иргэд ийш тийш харан “авах уу, болих уу” хэмээн хоорондоо ярилцана. “Үнийн өсөлт таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ” гэх асуултад ихэнх нь “Маш их нөлөөлж байна. Гэхдэ сайн талаараа бус. Бид эрүүл, чанартай бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна. Ажилтай тулдаа л өртэй байна гэдэг л болж байна” хэмээн хариулж байлаа.
ИРГЭД: МӨНГӨ ЗҮГЭЭР Л ТОО БОЛЧИХСОН БАЙНА
Иргэн Д. Бат-Эрдэнэ “Ажилтай тулдаа л идэх хоолтойгоо байна. Цагтаа 20 мянган төгрөгөөр бараг нэг тор юм авдаг байсан. Одоо нэг масло гэхэд 25 мянга гэж байна. Энэ төр засаг ард түмнээ яаж амьдруулаад байна вэ? "Бухимдаж үхмээр" байна. Мах, сүүгээ хүртэл Хятадуудаар хийлгэнэ. Газар доор болон дээрээ маш их баялагтай, малчин ард түмэн Хятадуудаар мах, сүүгээ бэлдүүлэхдээ яах вэ дээ. Арай дэндүү, гомдмоор байна. Өдөр ирэх тусам л өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Шатахуун өслөө гээд далимдуулаад л. Гурил уг нь гайгүй баймаар. Гэтэл гурилан бүтээгдэхүүн, боов, боорцог хийж байгаа хүмүүс дэндэж байна. Нарийн боовны үнэ бүр тэнгэрт хадаж байна” гэв.
Б.Батхишиг “Үнийн өсөлт амьдралд маш их нөлөөлж байна. Өмнө нь дуудлагаар арга хэмжээнд хоол хийж өгдөг байсан. Тухайн үед 500 мянган төгрөгөөр бараагаа аваад хүрдэг байсан. Одоо бол юунд ч хүрэхгүй. Үүнийгээ дагаад ажлын хөлсөө нэмье гээд нэмж чадахгүйд хүрч байна.
Мөнгө зүгээр л тоо болчихсон байна. Манайх дөрвөн ам бүлтэй. Хүнсээ цуглуулахад өмнө нь 100 мянган төгрөгөөр бараг хоёр тор хүнс авдаг байсан бол одоо жижиг тор ч дүүрэхгүй. Ганц, хоёр зүйл аваад л 100 мянган төгрөг болчихдог. Цалин нэмэгдэхгүй хэрнээ хэрэглээний бүх бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр амьдралд маш их дарамт үүсэж байна” гэлээ.
АМЬДРАЛЫН ЭНГИЙН ХЭРЭГЦЭЭ “ТАНСАГЛАЛ” МЭТ БОЛЖЭЭ
Залуус чөлөөт цагаараа үр хүүхэдтэйгээ жаргалтай өнгөрөөх ч завгүй ажилласаар. Ажиллаад ажиллаад цалин нь хаана ч хүрэхгүй, хүүхдэдээ дуртай тоглоом, амттан ч авах боломжгүй, хоногийн хоол, сарын түрээсэнд цалингаа хүргэх гэж “зовж” байгаагаа ярьсан юм.
М.Түмэндэмбэрэл “Цалингаараа хоол хүнсээ аваад л дуусчихна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн 30-40 хувиар өссөн. Би сарын өмнө цул мах авахад килограмм нь 13 мянган төгрөг байсан. Дахиад долоо хоногийн дараа мах авахад 500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны үнэ маш их нэмэгдэж байгаа. Төрөөс үнийн өсөлт бууруулах тал дээр анхаараасай”.
Б.Эрдэнэсайхан “Хоёр нялх хүүхэдтэй учир үнийн өсөлт амьдралд илт нөлөөлж байна. Хүүхдүүддээ чанартай, эрүүл хүнс, жимс, ногоо хэрэглүүлье гээд хичээдэг. Үнэхээр хүрэхгүй байна. Яаж ийж байгаад болгоно л гэж амьдарч байна. Нэг хүн ажил хийгээд амьдарна гэдэг хэцүү.
Боов, боорцогны үнэ 2000-3000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг өдөрт 6000 төгрөгөөр боорцог авч идэж байна. 10 мянган төгрөгөөр нэг өдрийн боорцог сүү авч хүрэхгүй.
Өмнө нь цалин буухаар нэг тансаглачихъя, гадуур ганц хоолонд оръё гэдэг байсан. Одоо бол ингэж тансаглах нь бүү хэл, хүнсээ яаж хүргэж авах вэ гэж боддог болсон. Хүүхдүүддээ хааяа дуртай амттанг нь авч өгөх, шинэ хувцас авах, эхнэртэйгээ болзох гэх мэт зүйлс бол мөрөөдөл болж байна. Хүний наад захын хэрэгцээ тансаглалын хэмжээнд хүрчихээд байна” гэсэн юм.
МОНГОЛД ЭРҮҮЛ АМЬДРАХ НӨХЦӨЛ АЛГА
Монгол улс хөгжиж байгаа орны тоонд зүй ёсоор багтдаг ч нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр олон улсын сүүлийг мушгидаг. Сүүлийн жилүүдэд гадны орныг зорьж, ажиллах хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгдэх болсон. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн виз мэдүүлгийн төвүүдийн ачаалал нэмэгдэж, өдөрт 300-500 хүн дугаарлаж байна. "Залуус гадны орныг зориход нөлөөлж буй нэг шалтгаан бол яалт ч үгүй үнийн хэт өсөлт" гэж иргэд ярьж байв.
Г.Минжинсор “Дөнгөж саяхан их сургуулиа төгссөн. Ажилд оръё гэхээр туршлага нэхээд. Юмны үнэ нь нэмэгдчихсэн. Монголд амьдрах нөхцөл байхгүй. Гадагшаа явж ажиллъя, гадаадад амьдаръя л гэж бодож байна.
Өмнө нь 200 мянга орчмоор авдаг байсан хүнс одоо хоёр дахин нэмэгдсэн байна. Гэртээ тавуулаа амьдардаг. Мах, ногоо гэх мэт өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдснээр долоо хоногтоо 300 мянга орчмоор хүнс авч байна. Өмнө нь байсан үнэтэй, эрүүл, сайн гэсэн зүйлсээ танаад, зөвхөн хоолны материалаа авахад өмнөх үнээсээ илүү үнэтэй тусч байна.
Хүнсний ногоо нь олдохгүй. Байгаа нь маш үнэтэй. Монголд эрүүл хүнсний ногоо гэж байхгүй байх. Хүүхдэдээ эрүүл, чанартай хоол хүнс хэрэглүүлж чадахгүй байна. Одоо 200 мянган төгрөгөөр нэг жижиг тор л хүнс авна” гэв.
ИНФЛЯЦИ УЛСЫН ХЭМЖЭЭНД 15,1 ХУВЬТАЙ БАЙНА
Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд энэ оны тавдугаар сарын байдлаар инфляци 15.1 хувьд хүрч, өмнөх сараас 0.4 хувиар өсжээ. Инфляци ийн өсөхөд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний үнэд 10 бүтээгдэхүүн голлон нөлөөлж, нийт инфляцийн 29.4 хувийг бүрдүүлсэн байна.