“Оюутолгой” компанийн ажилчид өнөөдөр тус компанийн төв байрны гадна эсэргүүцлээ илэрхийлж, шаардлага хүргүүллээ. Тэд цалингаа 30 хувиар нэмэгдүүлэх хүсэлтээ Үйлдвэрчний эвлэлийн хороондоо уламжилсан ч цалингийн хэмжээг 3 хувиар нэмэх боломжтой гэсэн хариу өгчээ. Тиймээс үнийн өсөлттэй уялдуулан цалингийн хэмжээг 30 хувиар өсгөхийг удирдлагуудаасаа шаардлаа.
Ажилчдын төлөөлөл "Гурван жилийн өмнө манай хүүхдийн сургалтын төлбөр 3 сая 800 мянган төгрөг байлаа. Өнөөдөр 8 сая төгрөг давчихлаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Бензины үнэ жилийн дотор 2400 төгрөг болтлоо давтлаа огцом нэмэгдлээ. Ийм нөхцөлд цалин амьдралд хаанаа ч хүрэлцэхгүй байна. Иймээс компанийнхаа гүйцэтгэх удирдлагад шаардлага хүргүүлж байна” гэлээ.
Бид ажил хаямааргүй байна
“Оюутолгой” компанийн ил уурхайн ажилчдын санаачилсан эсэргүүцэл үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байгаагаа тэд хэлж байлаа. “Бид ажил хаямааргүй байна. Цалингаа бодитой нэмэгдүүлмээр байна. ҮЭ-ийн хэлцлийг зөвшөөрөхгүй” гэж байлаа.
Одоогоор, Үйлдвэрчний эвлэлийн хэлцлийг эсэргүүцэж, 100 орчим ажилтан гарын үсгээ зураад байгаа юм байна. Тэд шаардлагаа Оюутолгой компанийн удирдлагуудад гардуулан өгсөн юм.