Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Эмээлт дэх мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд мэргэжлийн хяналтын байгууллагын битүүмжлэгдсэн үйлдвэрүүдэд үргэлжлүүлэн ажиллалаа.
Үйл ажиллагааг нь түр зогсоож битүүмжилсэн 17 үйлдвэрийн төлөөлөл болох дулааны аргаар мах боловсруулж, экспортолдог “Монгол эко мах” ХХК болон мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулж, дотооддоо нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Натурал грийн фүүдс”, “Шилмүүст сүмбэр” компанийн үйлдвэрүүдээр орсон юм.
“Монгол эко мах”, “Шилмүүст сүмбэр” компаниудын хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020, 2021 онд үйл ажиллагаа нь зогсонги байгаад энэ жилээс үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Гэвч үйлдвэрийн байр агуулах, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин нөхцөл бүрдээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдгийг Мэргэжлийн хяналт, Стандарт хэмжилзүйн байгууллагын мэргэжилтнүүд хэлж байсан юм. Тиймээс цаашид хүнсний үйлдвэрлэл эрхлэх эрүүл ахуйн стандартын шаардлага хангуулах үүрэг чиглэлийг өглөө.
Тэгвэл 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Натурал грийн фүүдс” компани нь өнгөрсөн хугацаанд удаа дараа зөрчил гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд буюу энэ сарын 1-нд хийсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт бус шалгалтаар 75 тонн цул адууны мах, дулааны аргаар боловсруулсан 25 тонн ямааны мах хадгалж байсан нь тогтоогдож, агуулахыг нь битүүмжилжээ. Тус компани нь дулааны аргаар мах боловсруулах эрхтэй ч БНХАУ руу экспортлох зөвшөөрөлгүй, мөн хадгалж байсан мах нь гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгогүй, мөн агуулахын байр нь стандартын шаардлага хангаагүй зэрэг хэд хэдэн зөрчилтэй тул цаашид үйл ажиллагааг нь бүрэн зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж хэллээ.
Энэ үеэр Шадар сайд удаа дараа зөрчил гаргаж, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй нөхцөлд мах, махан бүтээгдэхүүн бэлтгэдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг цаашид хатуу хяналтын дор үргэлжлүүлж засах сайжруулах боломжтой зөрчлийг нэн даруй арилгуулах, боломжгүйг нь тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, тухай бүрт нь олон нийтэд ил тод мэдээлэхийг холбогдох албаныханд даалгалаа. Битүүмжилсэн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний дээжийн шинжилгээний хариу 8-наас эхлэн гарах юм байна.
Лабораторийн шинжилгээний хариугаар хүний эрүүл мэндэд хохиролгүй нь тогтоогдвол эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломж олгох хэрэгтэйг мөн Шадар сайд санууллаа.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба