Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос Зүрх судасны өвчний үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийхээр болжээ. Үзлэгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10-14 цагийн хооронд явуулах юм байна. Статистик мэдээллээс харвал, манай улсын нийт нас баралтын 32 хувийг зүрх судасны өвчин дангаараа эзэлж байна. Зүрх судасны өвчнийг эрт илрүүлэхгүй бол тархинд цус харвах, зүрхний шигдээсийн хүндрэлээр нас барах эрсдэлтэй байдаг тухай мэргэжилтнүүд хэллээ.
Мөн энэ үеэр өрхийн эмч нарын тоог нэмэгдүүлэх, стандарт мөрдүүлэх хэрэгтэй байгаа талаар ч хөндсөн юм. “Тухайлбал, улсын хэмжээнд 225 өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж байна. Өрхийн эмч нар хэт их ачаалалтай, 20 хүний хийх ажлыг 10 хүн нугалж байна. Энэ асуудалд анхаарах цаг болсон” гэлээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс хүлээн авч үзнэ.