Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 21, 22-нд зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэв. Түүний урлагт зүтгэсний 50 жил, багшилсны 30 жилийн ойг тохиолдуулан шавь нарынх нь зүгээс хүндэтгэлийн тоглолтыг санаачилсан байна.
Ш.Чимэдцэеэ "Алтан тайзны босгоор алхаж орсноос хойш хагас зуун жил болжээ. Шавь нарыгаа дууны урлагт хөтөлснөөс хойш 30 жил өнгөрсөн байна. Тэдний маань санаачилгаар "Дуунд залбирсан тавилан" нэртэй тоглолт удахгүй болох юм.
Монголын уртын дууны холбооноос 108 дуучин ирж дуулна. Мөн Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн "Үлэмжийн чанар" хэмээх сайхан дууны эгшигт Цагаан, Ногоон дарь эхийг дүрслэн буулгасан бурхад бүжиглэнэ" гэж хэллээ. Мөн тэрбээр "Миний шавь нарын дунд алдартай дуучид олон бий. Гэхдээ багштайгаа зэрэгцээд дуулж байсан удаагүй. Ингээд шавь нарынхаа зөвлөгөөг аваад тоглолт хийхээр төлөвлөсөн" хэмээн ярилаа.
Тоглолт зохион байгуулагчид "Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 28-нд багшдаа зориулсан хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах байсан ч коронавирустэй холбоотойгоор цуцлагдсан. Тиймээс тэр үед тасалбар худалдаж авсан иргэд тавдугаар сарын 21-ний тоглолтод ирэх боломжтой. Ингэхдээ CD-тэй тасалбараа үзүүлэх хэрэгтэй" гэв.