"Амжилт групп" бага насны хүүхдэд зориулсан танин мэдэхүйн аппликейшн хийсэн байна. Мөн “Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн кино бага насныханд зориулсан хичээлтэй болжээ. Энэ талаар “Амжилт групп”-ийн ерөнхий захирал Ж.Шижиртэй ярилцлаа.
-Зуузуугаа хөгжүүлээд сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан боловсролын контенттой холбосон нь их давуу тал болж байна. Одоо гараад эхэлсэн үү?
Тийм. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд чиглэсэн танин мэдэхүйн хүмүүжилд зориулсан аппликейшн хийсэн. Аппликейшн дотор төрөл бүрийн контент бий. Оньсого, таавар, түргэн хэллэг, үсэг, тоо гэх мэт. Одоогийн байдлаар аппликейшн 15 мянга гаруй хэрэглэгчтэй болсон.
-Өвөрмонголын зах зээлд гаргах боломж харагдаж байна. Тийшээ судалгаа хийж үзсэн үү?
Одоогийн байдлаар энэ тал дээр ажиллаад үр дүнд хүрсэн зүйл байхгүй. Ковидийн үеэр бүх зүйл хаалттай болсон учраас бидний харилцаа холбоо бас байхгүй байгаад байна. Одоо холбогдоод, энэ жилдээ гарч магадгүй.
-Орчуулга, дуу оруулалт хийчихвэл олон улсын зах зээлд гаргах бүрэн боломжтой юу?
Орчуулга, дуу оруулалт маш амархан. Манайхан гарсан бүх ангиа англи хэл дээр орчуулаад, дуу оруулчихсан байгаа. Казахстанд зарахаас гадна өөр олон киноны эрхийг худалдаж аваад телевизүүдэд зараад, олон улсын харилцааны ажил энэ жилээс идэвхтэй эхэлж байгаа.
-3D анимейшн гэхээр зурдгаас арай өөр гэсэн. Хийцийн хувьд ямар ялгаатай вэ?
Эхлээд гараараа эсвэл вакуум дээр зурдаг. Дараа нь 3D програмууд дээр хийгээд хөдөлгөдөг. Тэр процесс нь их уддаг болохоор эхний хоёр жил манайх зөвхөн түүнийгээ хийгээд нэг ч анги гараагүй. Дараа нь ангиуд хурдтай гардаг.
-Хичээл нь цаашдаа илүү өргөжих боломжтой юм байна?
Тийм. Төрөл бүрийн хичээл хийгээд байна. Аппликейшнээ их гоё бодож олсон. Хүүхэд youtube дээр янз бүрийн контент үздэг. Сөрөг нөлөөтэй. Энэ бол хөгжилтэй, танин мэдэхүйн чиглэлийн контентоос бүрдсэн. Өдөр бүр өөр үе шат давдаг. Үүнийгээ дараа нь илүү гоё болгож хөгжүүлээд, үе давахаар хүүхдэд бага хэмжээний койн эсвэл урамшуулал өгдөг системтэй холбохоор ажиллаж байна.