Энэ оны хоёрдугаар сарын 17-нд иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнууд гээд ТЕГ-аас саатуулсан. Түүнээс хойш шүүх хурлын үйл явц үргэлжилж байгаа. Бид сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар түүний өмгөөлөгч Г.Баасангаас тодрууллаа.
Тэрбээр, “Гадаадын тагнуулын гар хөл болсон гэх нэрийн доор ТЕГ-аас шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилгаа явагдсан. Монгол үндэстнийхээ төлөө тасралтгүй 20-30 жил зүтгэж яваа энэ хүнийг гэв гэнэт тагнуул болгож буй нь энэ. 19.1.4 бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг тагнуул хийсэн хүнд үүсгэгддэг ял. Хамгийн гол хардлагын зүйл нь төрийн нууц бичиг баримт, эд зүйл байх ёстой. Түүнийг төрийн тусгай чиг үүрэгтэй хүн мэднэ үү гэхээс жирийн иргэн, сэтгүүл Ч.Мөнхбаяр мэдэх ямар ч боломжгүй. Түүнд гэмт хэргийн ямар ч шинж байхгүй гэсэн үг. Хаанахын тагнуул гэдгийг ч тогтоогоогүй шүү дээ. Нэг жил гурван сар тагнуулын байгууллагаас Ч.Мөнхбаярыг шалгаж тагнасан байдаг. Ингээд юу ч олж тогтоогоогүй.
Монгол улсын прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ БНХАУ-ын эсрэг хууль бусаар тагнан хянах ажиллагаа явуулсан гэж байгаа. Тагнуулын байгууллагаас шүүх хурал дээр гадаадын тагнуул гээд бариад орсон баримт нь хуурамч байсан. Тэр бол судалгааны байгууллага байсан. Тэр судалгааны байгууллага нууцын биш. Зүгээр л цахим дээр ил байдаг мэдээллийг албан бусаар орчуулж орсон байв. Өмгөөлөгчийн зүгээс түүнийг албан ёсоор орчуулж орсон. Сая шүүхийн мэтгэлцээн дээр үүнийг судалгааны байгууллага болохыг гаргаж тавьсан байгаа.
Ингээд Ч.Мөнхбаярыг жил гурван сар гадны хүнтэй уулзаж байгааг, хоолонд орж байгааг, тагнасныг тусгай орчуулагч гаргаж орчуулуулъя гэдэг санал тавихад зөвшөөрөөгүй. Нэг нь Англи , нөгөө нь Монгол хэлтэй хоёр хүн хоорондоо тохиролцоод тагнуул хийнэ гэсэн ойлголт хаана ч байхгүй л дээ. Хоёр сарын 19-нд таслан сэргийлэх арга хэмжээний хурал болсон. Энэ хурлаар мөрдөгч прокурорууд шүүхэд худлаа мэдээлэл өгсөн. Гадны тагнуулын Улаанбаатар дахь төлөөлөгчтэй хамтран ажилласан нь тогтоогдсон гээд 30 хоног хориулах шийдвэр гаргуулсан юм.
Дөрөв дүгээр сарын 1-нд анхан шатны шүүх хурал болсон. Үүн дээр хэргийг прокурорт буцаасан. Шүүх үүнийг буцаахгүй байж болох байсан. Хуулиар оногдсон эцсийн маргааныг шүүх шийдвэрлэдэг. Гэтэл шүүх үүнийг дэнслээгүй. Гэмт хэргийн шинжгүй байгаа нь нотлогдсон. Хуурамч баримт байгаа гэдгийг бүгдийг мэдэж байсан мөртлөө үүн дээр шийдвэр гаргахаас айсан, гөлөлзсөн. Үндсэн үүргээ шүүгч биелүүлээгүй. Монгол үндэстнийхээ төлөө үлддэг хүмүүсийг хэлмэгдүүлэх ажлыг эд нар үгсэн хуйвалдаж хийж байна гэж харж байна.
Өчигдөр таслан сэргийлэх арга хэмжээний хурал болсон. Бидний хүсэлтийг хангаагүй. Хангаагүй тогтоолд захирамжаа бид аваагүй байна. Түүнийг аваад бид давах ёстой. Энэ гаргасан тогтоолыг ч бид давна. Монголд урд хөршийнхөн их таатай амьдарч байна. Монгол хүн бол их таагүй амьдарч байна. Энэ болгоныг эсэргүүцсэний төлөө, магадгүй урд зүгийн даалгавраар хийж байхыг үгүйсгэх аргагүй. Тийм ч учраас яллах дүгнэлтэн дээр БНХАУ-ын эсрэг тагнуул хийсэн гэж орж ирж байна. Монголын нутаг дэвсгэр дээр Хятадын тагнуулын асуудал яригдахгүй шүү дээ. Монголын эсрэг хийсэн тагнуул л яригдана. Урд зүгийн бодлого, Монголын төрийн бодлого руу гүнзгий орж ирсэн. Дээрээс нь тагнуулын мэргэжлийн хүмүүсийг байхгүй болгоод даалгавартай улсуудаар тагнуулын байгууллагын нэр хүндийг нэг мөсөн шороотой нь хутгаж байна. Бичсэн чат нь хоёр хүн хоорондын харилцаа л байгаа. Түүнд Монголын нууцын тухай ярьсан зүйл түй ч байхгүй. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулиар хаалттай байгаа болохоор ярьж болохгүй байгаа” гэлээ.