Олон улсын соёлын өвийг хамгаалах сан “World Monuments Fund”-аас эрсдэлд орсон яаралтай хадгалж хамгаалах шаардлагатай дэлхийн 25 соёлын дурсгалт газрын нэгээр Чойжин ламын сүм музейг 2020 онд сонгож, АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан- (AFCP) -гаас Ядам сүмийг сэргээн засварлах төсөлд 2021 онд тэтгэлэг олгосон билээ.
Иймээс Чойжин ламын сүм музейн Ядамын сүм буюу нууц тарни нандин шүтээний сүмийн барилгыг 2022 оны тавдугаар сараас аравдугаар сард иж бүрнээр нь сэргээн засварлах бэлтгэл ажил эхэлжээ.
Ядам сүмийн сэргээн засварлалтын ажлыг "Энэржин" компани гүйцэтгэх юм байна.
Төсөлд World Monuments Fund сангийн түүхэн барилгын сэргээн засварлалтын зөвлөх АНУ-ын мэргэжилтэн Стивен Келли, БНХАУ-ын Чинхуа их сургуулийн сүм хийдийн модон бүтээцийн сэргээн засварлалтын мэргэжилтэн, Бээжин хотын ШУТИС-ийн дурсгалт барилгын өнгө будгийн сэргээн засварлалтын мэргэжилтэн нар мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллах бол Монголын талаас сэргээн засварлалтын зөвлөх архитектор Ph.D З.Оюунбилэг, дурсгалт барилгын сэргээн засварлалтын инженер Ж.Баясгалан, өнгө будгийн мэргэжилтэн архитектор Б.Адьяа гүйцэтгэгч компанийн сэргээн засварлалтын ажилд хяналт тавих аж.