Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлж, өнөөдөр дөрвөн цаг хүртэл үргэлжилсэн. Жагсагчдыг цагдаагийн алба хаагчид хүчээр тараасан.
Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга Р.Отгонжаргал, "Өчигдөр өглөө 10.00 цагаас эхлэн залуус Төв талбайд тайван жагсаал эхлүүлсэн. Урьдчилж мэдэгдсэн жагсаал биш байсан. Жагсаал хийж буй иргэдэд үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх, иргэдийн эрх чөлөөнд халдахгүй байх талаар удаа дараа сануулсан. Цагдаагийн байгууллага өнгөрсөн шөнө тасралтгүй хянаж ажиллаа.
18.00-19.00 цагийн үед жагсаалын бүтэц өөрчлөгдөж, мэдээлэл хийхээр гарч ирсэн хүн рүү ус, ундааны сав, талх шидэх үйлдэл гаргасан.
Жагсагч нэг эмэгтэйн толгой хагарсан, хоёр оёдол тавиулсан.
Нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд бусдыг уриалах, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг хүлээж аваагүй. Онцгой объект “Их тэнгэрт” очиж жагсаалыг үргэлжлүүлсэн. Цагдаагийн алба хаагчийн толгойг хагалсан. Хүний тоо буураагүй, жагсаал намжаагүй тул шөнийн 03.40 цагт албадлагаар жагсаалыг тараасан.
Жагсагчдыг тарахыг шаардаж, 20 гаруй иргэнийг түр саатуулан шалгаж байна. Согтолтын зэргийг шалгахад 18 хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илэрсэн" гэв.