Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл өгөв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын хувьд асуудлыг эвээр шийдэх бодлогоор ажиллаж ирсэн. Цар тахлын хоёр жилийн хугацаанд хүнд цохилтод орж ачаа тээвэр удааширсан энэ үед Орос, Украины асуудал дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдлыг авчирсан. Сүүлийн арав гаруй хоногт улаан буудайн үнэ 50 хувиар өссөн. Дэлхий дээр хүнсний хомстол үүсэж магадгүй нөхцөл үүссэнийг НҮБ-аас мэдэгдлээ.
Иймд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Энэ хууль батлагдсанаар мах, гурил болон газрын тос зэрэг инфляцын хэрэглээний багцад байгаа гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр Засгийн газраас зохицуулалт хийх, оролцох нөхцөл бүрдэнэ. Мөн ханшийн зохицуулалттай холбоотой зарим арга хэмжээг хуулиар авах нөхцөл үүссэн. Өнөөдрийн хувьд Засгийн газраас дангаар шийдэж чадахгүй заавал УИХ-аар орж хэлэлцдэг.
Монгол Улсын Засгийн газраас Монголбанканд валютын нөөц бүрдүүлэхэд туслах нөхцөлд хүрлээ. Манайд одоогоор 3.2 тэрбум ам.долларын валютын нөөц бий. Тиймээс зарим нэг валютын төлбөр болон бусад хилээр гаргах асуудал дээр хяналт тавих шаардлага үүссэн. Мөн татан авах валютын графикийг наашлуулахгүй бол Монголбанк дангаараа хүчин мөхөстөж байна.
Биднээс хамаарахгүй байгаа зүйл өнөөгийн нөхцөл байдлын 70-аас дээш хувийг эзэлж байна. Олон улсын нөхцөл байдалд хүч мөхөстөж байгаа тул Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ үед Засгийн газартай хамтран ажиллахыг хүсэж байна. Бид зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэнэ.
Хөгжлийн банканд 150 гаруй тэрбум төгрөгийг эргэн төлсөн. Эрдэнэт, Оюу Толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой мэдээллийг Засгийн газраас гаргаж өгсөн тул хууль хяналтын байгууллага шийдэж, цэг тавих учиртай. Цаашдаа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг мөн дэлгэж тавина. Энэ асуудлыг шийдвэр Монгол Улсын эдийн засаг хоёр дахин нэмэгдэнэ. Тэнд байгаа хүмүүст маш их ашигтай байсан тул Гашуун Сухайтын төмөр замыг олон жил гацаасан. Энэ луйвартай эвлэрээд улс төрийн үхдэл болохоос би айна. Харин огцрохоос айхгүй. Дээрээс нь ТӨҮГ-ын зарим асуудлыг шийднэ. Зарим зүйлсийг олон нийтэд дэлгэнэ. Эдгээр асуудлыг цэгцэлчихвэл Монгол улс авлигатай тэмцэх индексээр хоёр оронтой тоо руу орно" гэв.