Хөгжлийн банктай холбоотой ерөнхий хяналтын сонсгол яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд, "Энэ хэлэлцүүлгийг иргэд их хүлээсэн. Хоёр сарын өмнө мөн хэлэлцүүлэг хийхэд МАН, АН-ын удирдлага нь улс төрийн хариуцлага тооцно гэж байсан. Өнөөдөр УИХ-д үүнийг ярьж байгаа нь зөв ч ямар ч үр дүн алга. Эрх бүхий хүмүүс нь алга. Хуулийн, улс төрийн, ёс зүйн, эдийн засгийн хариуцлагыг бид нэхэх ёстой бөгөөд үүнд хамаарах дөрвөн субъект нь байх ёстой. УИХ бол иргэдээ төлөөлж байгаа, үндсэн хуулиараа шийдвэр гаргах дээд шатны байгууллага. Ардчилсан намын үед маш их зээл авсан байгаа учир удирдлагыг дуудах хэрэгтэй. Мөн хамгийн их зээл авсан хүмүүсийг ч байлцуулах ёстой. "Сахал" Б.Эрдэнэбилэгийг дуудаж, өөрийнх нь амнаас бодитой мэдээллийг сонсмоор байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга МУ-ын парламентаа хүндэтгээд ирэх ёстой. Яагаад тэр хүн залуусыг ашиглаж турхираад, шоронд хаячхаад байдаг юм бэ. Одоо хариуцлагыг том "хулгайч" нараас нэхэж авч чадахгүй юм бол энэ хурлыг хийх шаардлага байхгүй. Хоёр нам ээлжилж, хамтрахаараа нийлж хулгай хийгээд байхаар энэ улс яах юм бэ. Хулгай хийдэггүй улс төрийн шинэ хүчин гарч ирэх гэхээр хоёулаа нийлээд дарчихдаг.
Ёс зүйн хариуцлага ч тооцох ёстой. Эдийн засгийн хариуцлага тооцуулж энэ мөнгийг улс биш өөрсдөөр нь төлүүлэх ёстой. Үүнийг нэг удаагийн сонсголоор шийдэх асуудал биш. УИХ-ын хяналт шалгалтын түр байнгын хороог байгуулж, чуулганаар шийдвэрлүүлэх шаардлагатай байна.
Хөгжлийн банканд ажиллаж байсан удирдлагуудыг нэг сар саатуулаад байгаа юм байна. Хамгийн их асуудлыг хариуцаж байсан Эрсдэлийн удирдлагын газрын захирал байсан Г.Дөлгөөн өдгөө Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Хууль бүгдэд нь жигд үйлчлэх ёстой. Хуульзүйн яам ч үүнд анхаарч асуудлыг Засгийн газрын хэмжээнд авч үзэх хэрэгтэй" гэв.