Энэ сарын 25-наас буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас нөөцийн мах худалдаанд гарч эхэлсэн. Энэ жилийн хувьд 12.7 тонн нөөцийн мах бэлтгэжээ. Нөөцөлсөн үхрийн мах 8900, хонины мах 8300, ямаа 7100 төгрөгөөр зарагдаж байна. Бид ХХААХҮЯ-наас нөөцийн махны чанар, аюулгүй байдлыг хэрхэн хангасан талаар мэдээлэл авлаа.
Энэ талаар ХХААХҮЯ-ны газрын дарга Б.Алтансүх, “Мах өөхний тэнцвэртэй байдлыг зөв хуваарилж байгаа. Нодилон хэрэглэгчдээс уут нь амархан урагддаг, тасардаг гэсэн хэд хэдэн гомдол ирсэн. Энэ жилийн хувьд савлагаа, махны өнгө, чанар харьцангуй сайн байна.
ЗГ-аас нөөцийн махтай холбоотой 100 тэрбумыг төсөвлөсөн. Бид 23 ААН-тэй гэрээ байгуулаад, 12.7 тонн мах бэлтгэсэн. Ингээд есөн дүүргийн 468 дэлгүүрээр худалдаалах ажил эхэлсэн. Нөөцийн махыг бэлтгэхээс авахуулаад хадгалалт, хэрэглэгчдэд хүрэх хүртэл холбогдох газрууд, нийслэлийн захирагчийн албатай хамтарч ажилласан. Тал талдаа хяналт тавьж байгаа гэсэн үг.
2021 оны зуншлага сайн болсонтой холбоотойгоор махны өнгө зүс чанар сайн байгаа. Зах зээлийн үнээс 25-30 хувь хямд үнээр худалдаалж байна.
2021 онд малын гоц халдварт өвчин нэлээн гарсан. Өвчин гараагүй бүс нутаг, сум, аймаг, багаас махаа бэлтгэ гэсэн чиглэл өгч ажилласан. Үүний дагуу мал эмнэлгийн гэрчилгээгээр баталгаажсан мах авчирсан. Захирагчийн алба МХЕГ, ЦЕГ зэрэг төрийн байгууллагууд хамтарсан үзлэг шалгалтыг зооринд буюу хадгалалтын явцад 2-3 удаа шалгасан болохоор асуудалгүй гэж үзэж байна” гэлээ.
Бид Дарь-Эхэд байрлах нөөцийн мах худалдааж буй дэлгүүр дээр очиход худалдагч, “Өнгөрсөн жилтэй харьцуулахад үнийн хувьд дунджаар 1100 төгрөгөөр өссөн. Манайд ирсэн мах 2-3 хоногт л дууссан. Худалдан авалт сайн байна. Хүмүүс нөөцийн махыг гадуур зарж байгаа махны үнэтэй ижил байгаа гэж байна” гэв.
Харин худалдан авалт хийж буй иргэдийн хэлж буйгаар, аз нь таарвал өөх мах нь тэнцүү мах авдаг. Ихэвчлэн өөх яс ихтэй мах таарчихдаг. Энэ жилийн хувьд чанар хэр байгааг мэдэхгүй байгаа талаар хэлсэн юм.