Засгийн газар Хөгжлийн банкийг шалгах тогтоол гаргаж, 2016 онд ажлын хэсэг, дэд ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн банканд шалгалт хийсэн. Гэвч энэ шалгалтын дүгнэлтийг улсын нууцад хамааруулаад байсан юм. Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэхүү шалгалтын дүгнэлтийн заримыг улсын нууцаас гаргана гэж мэдээлж, 132 хуудас бүхий дүгнэлт олон нийтэд ил боллоо.
Дүгнэлтээс анхаарал татахуйц мэдээллийг бид цувралаар хүргэж байна.
Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчдийн нэг сахал хочит Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий Блүүмбэрг телевиз 2013 онд Хөгжлийн банктай гурван тэрбумын зар сурталчилгаа хийх гэрээ байгуулжээ.
Гэрээний хүрээнд Монгол улсын нэр хүндийг өсгөх, хөрөнгө оруулалтын орчинг таниулах, хөрөнгө оруулагчдын хандлагыг эерэг болгоход чиглэсэн Inside Mongolia зар сурталчилгааны ажлыг Сингапур дахь Блүүмбэрг телевизтэй хамтран хийж хэрэгжүүлнэ гэжээ. Тэд нийт гурван тэрбумын гэрээ байгуулснаас татвар орсон дүнгээр 816.000 долларыг Хөгжлийн банкнаас авчээ.