409 дүгээр хорих ангид хоригдож буй Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах болсон талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай мэдээлэл хийлээ.
Энэ талаар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, "Аав минь “Путины колончлол эргэн ирэх үү?” гэсэн нийтлэлийг 3-р сарын 7-ны өдөр бичсэн. Энэ нийтлэлийг нь прокуророос хаасан, захидал харилцааны эрхийг нь хассан. Надад болон миний охинд бичсэн захидлыг өгөөгүй. Мөн хоёр нийтлэл бичсэнийг гаргаагүй. Эрхээ сэргээлгэхээр хандсан боловч шийдвэрлээгүй. Тиймээс хууль ёсны эрхээ сэргээлгэхийн тулд хорих ангид өлсгөлөн зарлах болсноо мэдэгдсэн. Ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь өлсгөлөн зарлахыг дэмжихгүй байгаа. Залуу хүн биш учир эрүүл мэндэд нь санаа зовж байна" гэлээ.
Харин Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон бусад хуулиар энэ эрхийг хязгаарласан ямар ч заалт байхгүй. Тийм учраас Э.Бат-Үүлийн зүгээс прокурорын байгууллага хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүргээ биелүүлж, биечлэн уулзах хүсэлт гаргасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй, үл тоомсорлосон байдалтай уулзахгүй байна. Тэрбээр эрхээ сэргээлгэхээр тэмцлийн хурц хэлбэрт шилжин, өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн" гэсэн юм.