Хүүхдэд гар хүрлээ гэсэн иргэн Т-н гомдлын дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын 97-р сургууль хуралдаж багшийн гаргасан үйлдлийг ёс зүйн зөрчил мөн гэж дүгнэжээ. Ингэхдээ ангид суурилуулсан камерын бичлэг, багшийн тайлбар болон эцэг, эхийн гомдолд үндэслэсэн байна. Бичлэгт гуравдугаар сарын 15-ны өдөр 09 цаг 40 минутын орчимд болсон үйл явдал гардаг байна. Тухайн бичлэгт багшдаа зодуулж буй охин иргэн Т-ын охин мөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Гол баримт болох камерын бичлэгт тухайн багш зарим сурагчдад шаардлага тавихдаа гар хүрч буй нь харагдана.
Энэ талаар 97-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Хашчулуун "Ёс зүйн дүрмийн 4.4.2-н хүүхдэд бие махбодын шийтгэл үзүүлэхгүй байх гэсэн дүрмийг зөрчсөн. Тухайн өдрийн хүүхэдтэй холбоотой л камерын бичлэгийг үзсэн. Бид багш нартайгаа тулж ажиллах, эцэг эхчүүдийн ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн сургалтуудыг тогтмол явуулж байх ёстой гэдгийг ойлгож байна" гэлээ.
Харин 97-р сургуулийн захирал Б.Алтанцэцэг "Багш өөрөө хариуцлага хүлээе гээд хүсэлтээ ёс зүйн зөвлөлд гаргасан байсан. Би эцэслэж тушаал гаргаагүй байна. Багш маань тэтгэвэрт удахгүй гарах гэж байгаа. 46 сарын буцалтгүй тусламж авдаг. Тэр асуудлыг судалж үзье. Эцэг эхчүүд бас бодоорой. Хүүхдийнхээ төлөө та нар юу хийж байна вэ, ямар анхаарал тавьж байна. Нэг багшийн асуудлыг бөөнөөрөө тал талаас нь шийдээд ингэж асуудал шийдэгдэхгүй. Энэ сууриар нь шийдэх ёстой асуудал" гэв.
Эх сурвалж: Еagle news TV