УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тус тогтоолын төсөлд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, чөлөөт бүсийн газрын хэмжээг 1,000 га-аар тогтоох тухай тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Өмнө нь чөлөөт бүс байгуулах асуудлыг олон удаа ярьсан. Замын-Үүдийн, Алтанбулагийн чөлөөт бүс гэж байгаа. Эд нар нь одоо болтол амь орохгүй байна. Үйл ажиллагаа явуулж, бэхжиж байгаа зүйл алга.
Яагаад өмнөх чөлөөт бүс байгуулна гэдэг шийдвэр бодит ажил хэрэг болохгүй байна вэ. Үүнд Засгийн газар ямар дүгнэлт өгч байна вэ.
Цаашлаад Хөшигийн хөндийд чөлөөт бүсийг эдийн засгийн агуулгаар нь ажил хэрэг болгож чадна гэдэг итгэл үнэмшил хэр байгаа юм бол. Энд чөлөөт бүс байгуулахад ямар хэмжээний хөрөнгө санхүү шаардлагатай вэ гэдгийг асуумаар байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Сүүлийн жилүүдэд чөлөөт бүсийг тойрсон төрийн бодлого алдагдсан. Тиймээс 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны бүтцийг хэлэлцэн баталж, эдийн засгийн чөлөөт бүсийн асуудалд яамны хэмжээнд ач холбогдол өгч анхаарах ёстой гэж үзсэн.
Өмнө нь байгуулагдсан эдийн засгийн чөлөөт бүсүүдээс олон улсын ойлголтод дөхөж очиж байгаа нь Замын-Үүдийн чөлөөт бүс. Харин Алтанбулагийн чөлөөт бүсийн тухайд зөвхөн манай тал л газраа шийдсэн. Тэр дотор хэдхэн татваргүй барааны дэлгүүр ажилладаг бөгөөд тэнд архи, согтууруулах ундаа голчлон худалдаалдаг.
Тиймээс чөлөөт бүсүүдийг сэргээх асуудалд Засгийн газар онцгой анхаарч байгаа.
Хөшигийн хөндийн чөлөөт бүсийг шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн, дагуул хот байгуулах бодлоготой нийцүүлэхийг зорьж байгаа.
Эдийн засаг, хөгжлийн яаманд энэ асуудал шилжиж ирснээр шийдэгдсэн нэг том асуудал нь газрын асуудал юм. Ингэсний үндсэн дээр одоо УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх гэж байна.
Эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад төсвөөс хөрөнгө оруулах ажил маш бага. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон төр хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлбэрээр шийдэгдэнэ. Харин дэд бүтцийн асуудалд Засгийн газар оролцоод явна.
Ирэх жилээс төсөв дааж чадах хэмжээгээр дэд бүтцийн асуудалд оролцоно. Түүнээс биш хот төлөвлөлтийн асуудалд аль болох төр оролцохгүйг бизнесийн зарчимд тулгуурлаж явах болно.
УИХ-ын гишүүн Д.Батлут: Урьд нь 2002 онд Замын-Үүд, 2004 онд Алтанбулаг, 2005 онд Цагаа нуур гэдэг чөлөөт бүсүүд байгуулагдаж байсан. Гэтэл өнөөдөр татвараас зайлсхийсэн хэдхэн аж ахуйн нэгж тэнд үйл ажиллагаа байна. Энэ алдаан дээрээ суралцаж Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай ажиллаж чадна гэж үзээд энэ тогтоолын төслийг оруулж ирж байна гэж ойлгож болох уу.
Чөлөөт бүсийн ашиглах 1,000 кв талбайд зөвхөн барилга, орон сууц баригдана, гэр хороолол үүсэхгүй гэж харж байгаа. Үүнд хариулт өгнө үү.
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол "Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын хэрэгцээнд авсан. Өнөөдөр зөвхөн 1000 га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналыг оруулж ирж байна.
Гол нь аялал жуулчлалын салбар, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн төлбөрт бооцоо тоглоомын дагалдах үйлчилгээг хуульчилж оруулж ирсэн. Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлсэн, залуус очиж ажиллаж амьдрах боломжтой ажлын байр бий болсон хөгжлийн агуулга бий болно. Өмнөх алдааг давтахгүйн тулд төр хувийн хэвшлийн түншлэлээр явагдах хууль эрх зүйн орчин санхүүжилтийн механизмыг маш тодорхой болгож тогтвортой байдлын гэрээ байгуулж газар олголтыг дэмжих ёстой юм билээ.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн 1000 га газарт санхүүгийн чадавхтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадвартай аж ахуй нэгжүүдэд дуудлага худалдаагаар олгох, шилэн байлгах бололцоог олгоно гэсэн бодолтой байна. Нөгөө талаас тус чөлөөт бүсэд мэдээлэл технологийн төвийг байгуулахаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй IT чиглэлийн компаниудтай уулзалт хийхэд бүрэн боломжтой гэж үзсэн.
УИХ, Засгийн газраас өмнө батлагдсан Чөлөөт бүсийн тухай хууль түүнийг дагаж татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд хангалттай сайн боловсруулагдсан юм билээ. УИХ эдийн засгийн чөлөөт бүсийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан хууль бол эдийн засгийн чөлөөт бүсүүдийг амь “орох” ажиллах бүх боломжийг хангасан юм билээ. Тиймээс санхүүгийн төв байгуулах олон улсын санхүүгийн төвийг бий болгох асуудлыг Засгийн газар, УИХ-тай зөвшилцөж тодорхой шийдвэр гаргах шаардлага бий.
Аялал жуулчлалыг татсан бизнесийг бий болгох, хүний урсгалыг Монгол руу татан оруулахын тулд Казино байгуулах хуулийн төсөл өргөн барина. Хуулийн төсөл нь явж байгаа. Энэ дээр ажлын хэсэг сайн сууж ажиллаж байж оруулж ирэх байх" гэлээ.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн дэд бүтцийг хэрхэн шийдэх вэ. Газраа дуудлага худалдаагаар зарлаа гэхэд дэд бүтэцгүй бол хөгжих боломжгүй. Чөлөөт бүс нь онгоцны буудлаас хол. Онгоцны буудлын дэд станц нь олон га газар, олон барилгыг хангах боломжгүй.
Эхлээд дэд бүтцээ шийдсэний дараа хувийн хэвшлүүд хөрөнгө оруулалтаа хийнэ шүү дээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл: Дэд бүтцийн хувьд ерөнхий төлөвлөлт, зураг төсөл хамгийн эхэнд хийгдэх ёстой. Барилга, хот байгуулалтын яамнаас 2.7 тэрбум төгрөгийн тендер зарлан, холбогдох зураг төсөл, судалгаа хийсэн. Ингэхэд хатуу дэд бүтцэд 500 орчим тэрбум төгрөгийн зардал шаардлагатай гэдэг тооцоолол гарсан. Энэ төсөл нэмэгдэх магадлалтай.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: Бүхэл бүтэн яамны хариулт гэхэд хангалтгүй байна. Хөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулах газар онгоцны буудлаасаа хол. Дээрээс нь наад 1,000 га газарт чинь дулаан, цахилгааны станц, цэвэр бохир усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламж хэрэгтэй. Ийм зүйл ярьж байгаа бол хэдэн хүнд газар зараад л дуусах байх даа.