Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны эхний хоёр сарын статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.
Сарын дундаж нэрлэсэн цалин өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 2015 оноос 45.6 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 16.9 хувиар нэмэгдсэн гэдгийг ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцуулгын үеэр онцлов.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны дөрөвдүгээр улиралд нийт 46.3 мянган ААН, байгууллагын 719.3 мянган ажиллагч хамрагджээ. Тус улиралд нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 110 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 103 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Ажиллагсдын сарын дундаж медиан цалин 1.1 сая төгрөг ба өмнөх улирлаас 75.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 1.5 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг аж.
НДШ төлсөн ажиллагсдын 76.7 мянга нь буюу 10.7 хувь нь 420 мянган хүртэлх цалинтай. 49.4 мянга буюу 6.9 хувь нь гурван сая төгрөгөөс дээш цалинтай иргэд байгааг ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд хэлэв.
Түүнчлэн байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл ТӨҮГ-т ажиллагсдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1.8 сая төгрөг, хоршоонд ажиллагсдын цалин хамгийн бага буюу 706 мянган төгрөг байна.
Уул уурхай, олборлолтын салбарын ажилчид 3.2 сая буюу хамгийн их цалинтай бол зочид буудал зоогийн газрын ажиллагсад 976.9 мянган төгрөгийн цалинтай байна.