БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны 98 гаруй хувийг тоолсны дараа нэр дэвшигч Юн Сук Ёол 48.6 хувийн санал, авч өрсөлдөгч Ли Жэ Мён 47.8 хувийн санал авсан байна. Ийнхүү Юн Сук Ёол тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Шинэхэн ерөнхийлөгч Үндсэн хууль, парламентыг дээдлэн, сөрөг хүчний намуудтай хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ. Мөн сонгуулийн үр дүнг "агуу ард түмний ялалт" хэмээн тодорхойлсон Юн Сук Ёол "Бидний тэмцээн одоохондоо дууслаа. Одоо бид гар нийлж, ард түмэн, улс орныхоо төлөө нэгдэх ёстой" гэжээ.
Дэмжигчидтэй хийсэн ёслолын үеэр Юн "үндэсний эв нэгдэл"-ийг нэн тэргүүнд тавина гэдгээ онцлон хэлээд бүс нутаг, улс төр, нийгэм эдийн засгийн ялгаанаас үл хамааран бүх хүмүүст ижил тэгш хандах ёстой гэж үздгээ илэрхийлж, “Ард түмнийхээ амьдрал ахуйд анхаарч, гачигдалтай хүмүүст халуун дулаан халамжийн үйлчилгээ үзүүлж, улсынхаа олон улсын хамтын нийгэмлэг, чөлөөт ертөнцийн бахархалтай, хариуцлагатай гишүүн байхын төлөө хүчин чармайлт гаргана” гэжээ.
Юн Сук Ёол дэлхийн 10 дахь том эдийн засагтай улсын тэргүүлэгчээр таван жилийн хугацаатай ажиллах болно.
Харин түүний өрсөлдөгч Кёнги мужийн захирагч асан Ли "Би чадах бүхнээ хийсэн ч намынхан, сонгогчдынхоо хүлээлтийг биелүүлж чадаагүй" гэж хэлэн ялалтаа хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгджээ. Мөн тэрээр намынхаа байранд хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Нэр дэвшигч Юн Сук Ёолд баяр хүргэе. Хагарал, зөрчилдөөнийг даван туулж, эв нэгдлийн шинэ эрин үеийг нээж өгөхийг шинээр сонгогдсон Ерөнхийлөгчөөс чин сэтгэлээсээ хүсч байна" гэж хэлжээ.
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль сөрөг хүчин болох Ардын хүчний намаас нэр дэвшигч Юн болон эрх баригч Ардчилсан намын нэр дэвшигч Ли хоёрын хооронд өрнөсөн гэхэд болно. Тэд сүүлийн үеийн хамгийн гашуун улс төрийн кампанит ажлыг зохион байгуулж, нэгнийхээ алдаа дутагдал, өнгөрсөн үеийн болоод намын сул талм алдаа дутагдлыг илчлэн, муулж, улс орны дотоод хуваагдлыг улам хурцатгаж өрсөлдсөн гэж шинжээчид дүгнэж байлаа.
Шүүмжлэгчид аль аль нь Хойд Солонгос болон цөмийн зэвсгийн аюулыг хэрхэн бууруулах талаар тодорхой стратеги танилцуулаагүй гэж шүүмжилж буй. Нэр дэвшигчдын хэн нь ч сонгогчид АНУ-Хятадын өрсөлдөөн дунд олон улсын харилцааг хэрхэн зохицуулах, эдийн засгийн тэгш бус байдал, орон сууцны үнэ ханшийн гүйлгээг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хөндөөгүй гэдгийг онцлосон.
Юн Сук Ёолын хувьд Умардынхны өдөөн хатгалгатай ширүүн тэмцэж, Вашингтон, Токиотой гурван талын аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэнэ гэж мэдэгдэн, Хятад улсын талаар илүү хатуу байр суурь баримтлахын зэрэгцээ АНУ-тай харилцах харилцаагаа гадаад бодлогынхоо төв болгох болно гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа.
Харин нэр дэвшигч Ли-гийн хувьд Умардтай харилцах харилцаандаа эв найрамдалтай харилцааг баримтлах, АНУ-Хятадын сөргөлдөөн дунд дипломат прагматизмыг баримтлахыг уриалж байсан юм.
Эх сурвалж: Aljazeera