Чингэлэг тээврийн эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагаврын талаар “Тээвэрчдийн нэгдсэн зөвлөл”-өөс мэдээллээ.
Тээвэрчдийн төлөөлөлөгчид ярихдаа, "Замын-Үүдийн боомттой холбоотой асуудалд Замын-Үүд сумын иргэд өртөж байна. Тээвэрчдийн хувьд тээвэр зохион байгуулалт дээр хамгийн их хамтарч ажилласан. Гэвч одоо төр, засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байна. Тээвэрчид хямд үнийн саналаар Засгийн газартай гэрээ хийсэн. Сүүлдээ тээвэрчдийг шунахай хэмээж одоогийн зохион байгуулалтаас хассан.
Замын-Үүдэд 5000 машин хятад руу гарах гээд дугаарлаж буй. Үүний 3300 нь иргэнд бүртгэлтэй. 1000 гаруй нь компанийн нэр дээр бүртгэлтэй. Гэвч муу нэрийг тээвэрчид үүрч байна. Нэг бүлэглэл гарч ирээд тээврийн асуудлыг шийдэж байна.
Чингэлэг тээврийн үйл ажиллагаа нь жолооч, тээвэрчдийн орлогыг булаах оролдлого. Өдөрт гурван компанийн 50 машинаар чингэлэг тээвэрлэж байгаа нь Замын-Үүд дэх иргэдийн ажлыг булааж байна. Чингэлэг тээвэрлэлт нь найм хоногт 300 задгай машинаар зөөчих ачааг 21 хоногт 50 машинаар зөөсөн. Энэ хоногийн зөрүү нь ард иргэдийн мөнгө, цаг хугацаанд алдагдал болж байна. Ачаа тээврийн эргэлт улам удааширсан нь энэ. Нэг чингэлэг ачаа нь задгай тэвшинд тал ачаа л болно.
Мөн шилжүүлгийн ачааг цэргүүдээр хийлгэж, 0 цэгээс гаалийн терминал хүртэлх ачааны машиныг цэргийн хүмүүсээр жолоодуулж байгаа нь Замын-Үүд дэх хүмүүсийн ажлын байрыг булааж байна. Иргэд зээлээ төлж чадахгүй болж, хүмүүс хоорондын харилцаа муудан гэр бүл салахад хүрлээ. Тэг цэгээс ложистикийн төв рүү зөөх ажлыг Хятадын гурван компани хийж буй.
Нэг чингэлэг ачаа 70 м.куб болно. Нэг м.куб нь 1500 юаньтай тэнцэнэ. Ингэхээр нэг чингэлэг ачаа нийт 150 мянган юань буюу 47.2 сая төгрөг болно. Хятад улс руу 44 хоногт 93 тэрбум төгрөг урсаад байна. Задгай тээврээ үргэлжлүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ" гэв.