УИХ-ын дарга Г.Занданшатар таван өдрийн өмнө нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ "Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйгаа дэмжихийн тулд их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад ард түмэн жагсахаар болиулчихдаг. 2.5, 5 сая төгрөгөөс дээш цалинд 15 хувийн татвар авахаар нэмэгдүүлсэн боловч жагсаал цуглаан болоод болиулсан. Хэрэв зөв ойлгуулж чадвал 2.5 саяас дээш, цаашлаад 5, 10 саяас дээш ч юм уу сарын орлоготой хүн бол илүү татвар төлдөг энэ зарчим руу шилжих нь зөв гэж боддог. Нийгмийн даатгалын шимтгэл ч гэсэн ялгаагүй. Ингэж байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үндэс бүрдэнэ" гэж хэлсэн юм.
Өөрөөр хэлбэл нэг доллар 2889.42 төгрөгтэй тэнцэж байгаа энэ үед Г.Занданшатарын хэлээд байгаа шиг сарын 2.5 сая төгрөгийн орлоготой хүнийг өндөр орлоготой гэж үзвэл 865 доллар буюу 1000 доллар ч хүрэхгүй орлоготой хүн болж таарч байгаа юм. Мөн түүний хэлээд байгаа шиг таван сая төгрөгийн орлоготой хүнийг өндөр орлоготой гэж үзвэл 1730 долларын л орлоготой иргэн гэсэн үг. Гэтэл ийм хэмжээний орлоготой хүн дэлхийд, олон улсад өндөр орлоготойдоо огт ордоггүй.
Өндөр орлоготой улсууд
Жишээ нь Швейцарь улсын дундаж орлоготой иргэн 82.620 доллар, Норвеги 72.890 доллар, Япон 40.360, Солонгос 32.960, Тайланд 7040 долларын орлоготой байна.
БАРИМТ НЭГ.
Тимор-Лэстэ улсын нэг иргэний сарын дундаж орлого 1990 доллар, Энэтхэг улсын иргэний сарын дундаж орлого 1920 доллар, Камерун улсын иргэний сарын дундаж орлого 1520, Камбож улсын иргэний дундаж орлого 1500 доллар, Пакистан 1270 доллар, Гаити улсын иргэний сарын дундаж орлого 1320 доллар байна.
Гэтэл манай улсын өндөр орлоготойд тооцогдож буй иргэний сарын дундаж орлого 865-1730 доллар байгаа юм. Гэтэл ийм л орлоготой иргэдээ өндөр орлоготой гэж үзээд өндөр татвар авна гэх.
Монголчууд бидний сарын дундаж орлогыг ҮСХ 1.2 сая гэж тогтоосон. Энэ үнэлгээгээр бодвол бидний сарын дундаж орлого 415 доллар л болж байна. Өөрөөр хэлбэл Судан, Афганистаны иргэдийн дундаж орлого болох 500 доллароос ч бид бага орлоготой байна гэсэн үг юм.
Ийм орлоготойн дээр бид хүнс, машин техник тоног төхөөрөмж гээд эдэлж хэрэглэж байгаа зүйлсийнхээ 80-90 орчим хувийг гаднын улс орнуудаас авдаг үйлдвэрлэгч орон биш, далайд гарцгүй улс. Тиймээс худалдан авч байгаа зүйлсдээ бид бусад улс орнуудаас ч өндөр үнэ төлж хэрэглэдэг гэсэн үг юм. Бид импортлогч орон гэдгээ мартаж болохгүй.
БАРИМТ ХОЁР.
МАН 65-уулаа сонгогдохдоо мөрийн хөтөлбөр гээч зүйлийг танилцуулсан. Мөрийн хөтөлбөрт нь татвартай холбоотой дараах хоёр заалт байгаа ч өндөр орлого гэж чухам яг хэдэн төгрөг эсвэл хэдэн долларыг үзэхээ тусгаагүй байна.
2.5.10. Өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоог бий болгоно.
2.5.11. Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүнд импортын татварын шинэ зохицуулалтыг нэвтрүүлнэ.
Харин тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнд татвар оногдуулна гэсэн ч өнөөдрийг хүртэл хугацаанд энэ мөрийн хөтөлбөрийн заалт биелээгүй байгаа билээ.
Мөн монгол улс өнөөдөр ажил үйлчилгээ үзүүлж, хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрээсээ татвар авч чадаж байгаа улс орон мөн бил үү? Өөрөөр хэлбэл татварын шударга тогтолцоо үйлчилж чадаж байгаа улс мөн үү? Жишээ нь малчид, худалдаа наймаа эрхлэгчид, хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй дэлхийн хэмжээнд хүрсэн тэрбумтнуудаасаа татвар авч чадаж байгаа юу? Ижил тэгшээр татвараа авч чадахгүй байгаа атлаа хууль ёсны дагуу мэдлэг мэргэжлээ үнэлүүлээд 1000 доллар хүрэхгүй цалинг арай ядан авч байгаа хөдөлмөрийн зах зээлийн багахан хувийг бүрдүүлж буй хүмүүсээсээ өндөр татвар авах нь хэр шударга вэ?
УИХ-ын дарга өөрөө АНУ-д сурч, ажиллаж байсны хувьд 1000 доллар хүрэхгүй сарын орлогыг өндөртөө орохгүйг мэдсээр байж ийнхүү нийгмийн багахан хувиа шулах тухай ярьж байгаа нь эмгэнэл.
Г.Занданшатар аа! Нүдээ нээ, чихээ онгойлго, бусдын үгийг сонс. 2.5 саяас 5 хүртэл сая төгрөгийн сарын орлоготой иргэд чинь огтхон ч өндөр орлоготойдоо орохгүй ээ. Харин дундаж давхаргаа зузаатгахаар л зүтгэж яваа улс. Битгий ядмаг хар! Тэрний оронд татвараа тэгш ав, тэрбумтнуудаасаа ав, танхимдаа сууж байгаа оффшорчдоосоо ав, дэлхийн хэмжээний тансаг хэрэглээтэй баячуудаасаа ав!. Арай ядан 1000 доллар хүрэхгүй цалин авч яваа иргэдээ битгий шул. Энэ хэсгээ ахиад шулаад эхэлбэл амьдрахын эрхэнд улсаасаа “дүрвээд” явах вий!