Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр энэ сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэ жилийн баярт Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн 20 мянган гаруй зочид, төлөөлөгчид оролцов.
Хөх сувд мөсний баярын нээлтийн үеэр БОАЖЯ-ны дэд сайд Г.Түвдэндорж, “Монгол улсын хувьд аялал жуулчлал улирлын чанартай богино хугацаанд үргэлжилдэг. Зөвхөн зуны улиралд гэсэн үг. Харин “Хөх сувд” мөсний баярыг хийх нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн хажуугаар, үндэсний өв уламжлал, ёс зан шил, зан үйл, бөө мөргөл зэрэг өөрсдийн ондоошлоороо жуулчдыг татаж энэ салбараа хөгжүүлэх боломж бүрдэх юм. Хамгийн оршил үедээ 570 мянга орчим жуулчин манайд ирж байсан. Үүнээс ДНБ-нд 600 сая орчим доллар оруулдаг гэх тооцоо бий. Цаашдаа өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлсэн орны төлөөллийг мөсний баяртаа урьж, хамтран зохион байгуулвал илүү үр дүн гарах байх. Энэ тал дээр анхаарч ажиллана” гэсэн юм.
Мөн энэ үеэр БОАЖЯ-ны мэргэжилтэн А.Энхбат БОАЖЯ-ны цаашид хэрэгжүүлэх зорилго, зорилтыг онцлон танилцууллаа.
Тэрбээр, 2026 онд бид гадаадаас ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэнэ. Энэ салбараас олдог орлогоо нэг тэрбум долларт хүргэнэ гэсэн зорилготой ажиллаж байна. Үүндээ хүрэхийн тулд бид өвлийн улиралд ч жуулчин авдаг байх шаардлагатай болоод байгаа юм” гэлээ.
21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү мөсний баярын үйл ажиллагаанд 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцсон байна. Түүнчлэн 70 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй бөгөөд нийт 2800 орчим автомашин иржээ.
Covid-19-ийн улмаас хоёр жил өнжсөн энэхүү уламжлалт баяр өргөн дэлгэр зохион байгуулж байгаад нутгийн иргэд болон зочид сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв. Мөсний баярын үеэр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зургадугаар баг, Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар хот хоорондын автобус хойд хоёр дугуйгаараа мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан. Баяр болж буй хэсгийн ойролцоо автобус осолдсон. Анхааруулга, тэмдэглэгээтэй хэсгээр зорчсон талаар аврагчид мэдээлсэн. Ямартай ч зорчигч, жолооч гэмтээгүй юм.