Увс аймгийн МАН-ын дарга нарын авлигын гэмт хэргийн талаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн мэдээлэл хийлээ.
"Намайг хулгай хийсэн хөрөнгөө Өмнөговь аймагт нуусан мэтээр МАН-ынхан сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр гүтгэж байна. Миний бие 2012-2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Ажлаа өгснөөс хойш гурван жил АТГ-т шалгуулж байна. Албан тушаалын гэмт хэрэг байхгүй байна гэж АТГ үзэж гурван удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон. Завхан аймгийн Сонгино сумаас Тосонцэнгэл рүү чиглэсэн авто замын ажлыг хятадуудтай нийлж завшсан. Увс аймгийн Гудамж төслийн 10 хүрэхгүй километр замд 27 тэрбум төгрөг зарцуулсан гэж гүтгэсэн байна. Миний ах дүү нараас надаас өөр төрийн албанд ажилладаг нэг ч хүн байхгүй.
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Увс аймгийн Хяргас нуурын үзүүрийн булгаас Сонгино чиглэл рүү 135 км авто зам, Сонгиноос Тосонцэнгэл чиглэлийн 168 км-ийн авто замын концессын гэрээ 2014 он хийгдсэн байдаг. Энэ аймгийн Засаг даргын тамгын газрын эрхлэх ажил биш. Харин Засгийн газрын эрхлэх ажил. Хөрөнгө оруулалтыг үр дүнтэй болгоход орон нутгийн зүгээс бид хамтарч ажилласан. Төсөл амжилттай хэрэгжээд дууссан. Өнөөдөр Монгол Улсад хамгийн чанартай хэмжээнд хийгдсэн авто замуудын нэг шүү дээ. Гүйцэтгэгч компани найман тэрбум төгрөг авч, үлдэгдэл 7.5 тэрбум төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй байгаа. Энэ бол зүгээр нэг зам биш иж бүрэн төсөл юм. Сүүлийн 30 жилд Увс аймагт хэрэгжсэн хамгийн үр дүнтэй төсөл гэж хэлмээр байна. Тухайн төслийн хүрээнд нэг ч дутагдал илрээгүй.
Үнэхээр асуудал байгаа бол би АТГ-т одоо ч шалгуулахад бэлэн. Увс аймгийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй улсуудыг хамтдаа очоод шалгуулъя гэж байна. Би бэлэн байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дээрэмчид Увс аймгийг тонон дээрэмдэж дууслаа. Ямар ч бүтээн байгуулалтын цаана авлига, хээл хахууль явагдаж байдаг.
Барилга барьж, бүтээн байгуулалт хийхэд цаана нь заавал авлига явж байдаг. Энэ бол мөсөн уулын орой.
Увс аймагт баригдах дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй усан бассейны барилгын ажил бий. Гүйцэтгэгч компани 92 хувийн санхүүжилтээ авсан ч одоо олдохгүй байгаа. Барилгын ажлын суурь нь эхэлж байхад тоног төхөөрөмжийн мөнгө гээд 760 сая төгрөгийг нэмээд өгөөд явуулсан. Мөнгө, гүйцэтгэгч компани байхгүй нэг барилгатай л хоцорлоо.
Аймгийн МАН-ын удирдлагууд 2012 оноос өмнө таван давхар байшинг дөрвөн давхар болгоод хулгай хийдэг байсан. Аймагт лифттэй эмнэлгийн барилга баригдах ёстой байсан ч лифт нь байхгүй. Лифт хүртэл хулгай хийдэг болсон. 6.8 тэрбум төгрөгийн өртөгтэй Драмын театрын барилга аймгийн төвд баригдаж байгаа.
Дахиж нэмээд 3.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нэмж суулгасан ч мөнгө нь байхгүй болж барилга ашиглалтад ороогүй. Захирал нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилтан залуу бий. Сонгууль болоход олон хүмүүс аваачиж ажиллуулдаг ч ажил албан тушаалд очоод улсын төсвөөс энэ мэтээр хулгай хийдэг" гэлээ.
Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн АТГ-т гомдол гаргасан. Увс аймгийг дээрэмчин, тонуулчдаас салгаж авах өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар руу явуулна гэлээ.