Сэтгүүлч С.Будрагчаа Монгол-Орос 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон хувьдаа мөнгө завшсан хэргийн талаар цуглуулсан баримтууддаа тулгуурлан Авлигатай тэмцэх газарт хандаж өчигдөр мэдээлэл хийсэн. Тэгвэл ТВ4 телевизээс Монгол-Орос 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонгоос өөрийн төрсөн дүү Жамбын Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй Эрхга ХКК-тай Түрээсийн гэрээ гэгчийг байгуулж мөнгө завшин авлигын хууль зөрчиж мөн нөхөр Н.Лүндэндоржийг өндөр цалинтай ажиллуулж төсвийн мөнгийг шамшигдуулсан эсэх талаар байр суурийг нь тодруулжээ.
Энэ талаар Монгол-Орос 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзон "1992 онд Монгол Оросын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр энэ сургуулийг байгуулахад би захирлаар нь томилогдож байсан. Энэ сургууль хоёр давхар байшин байсан. Бид гурван давхар болгочхоод байна. Тэгээд энэ багш нарын байр Оросын өмч. Тийм учраас өмчөө дагасан асуудлаар газар нь Оросынх гэдэг асуудал тавьсан. Сургуулийн өмч маргаанд ороод ирэхээр арга буюу бид татан оролцож байгаа юм л даа. Зөвлөлт холбоот улсын зээлийн хөрөнгөөр баригдсан гэж үзээд том маргаан болсон. Ер нь Монгол улсын төрийн өмчийн хороо бүртгэгдэхэд сургуулийг бүртгүүлчихсэн байсан юм. Сүүлд сургууль цэцэрлэгүүдийг орон нутгийн өмчид шилжихэд 1997 оны УИХ-ын 20-р тогтоолоор энэ сургууль Нийслэлийн өмчид шилжсэн. Одоо ч гэсэн Нийслэлийн өмчид бүртгэлтэй байгаа.
Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаад 2009 онд манай энэ сургуулийн хашааны дагуу газрыг сургуулийн эзэмшил болгоод гэрчилгээ гаргаад өгчихсөн. Тэрнээс өмнө энэ чинь Оросын өмч л гэж явж байсан. Энэ талын хөл бөмбөгийн талбайг Нийслэлийн засаг даргын захирамжаар олон улсын Японтой хамтарсан компанид өгчихсөн. Тэрнээс би энэ хөл бөмбөгийн талбайг зараагүй. 2015 онд эзэд нь энэ эзэмшил газар оффиссоо зараад гадаад руу явах болсон. Тэрийг манай дүү худалдаж авсан. Одоо мөнгө төгрөгөө төлж л байгаа юм билээ.
1300 мкв газарт хоёр давхар яг манай сургуулийн хажуу талд, хоёр тал руугаа хаалгатай. Манай сургуулийн нэгдүгээр анги хичээллэж байгаа. Зах зээлийн үнээс дээгуур үнээр дүүдээ түрээсэлсэн гэдэг бол ташаа. Тухайн үеийн үнэ ханшаараа л хэвээрээ байгаа. Одоо энэ манай сургуулийн багш нарын байрны урд талын байрыг ч гэсэн тухайн үеийн үнээр нь түрээсэлж байгаа. Тэрийг ярихгүй, Ж.Содбилэгийн газрыг л яриад байна. Тэр барилгад манайх бэлтгэл анги нээсэн. Нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ бол төсвийн мөнгө биш. Монгол улсын төсвийг бид буруу зөрүү зарцуулсан юм биш. Энэ бол эцэг эхийнх нь төлсөн төлбөр. Манай сургуулийн нийт төсвийн 17% нь улсын төсөв. 83% нь сургуулийн өөрийн үйл ажиллагаанаас олсон төсөв, эцэг эхийн төлбөр байдаг. Жил болгон төрийн аудит ордог. Одоо ч гэсэн орчхоод байж байна. Жил болгон орно орохгүй байна гэж байхгүй.
Манай нөхөр Н.Лүндэндорж бол нэгдүгээрт их сургуулийн философийн анги төгссөн. Философич, нийгэм судлалын дипломтой хүн. 10 сая төгрөгийн цалин гэж байхгүй. Н.Лүндэндорж гэрээт багш нартай адилхан татвараа төлөөд гар дээр 3 сая 300 мянган төгрөгийн цалин авч байгаа.
Манай сургуулийн бэлтгэл ангийнх нь төлбөр зургаан сая, нэгдүгээр ангийнх 4 сая 700, 2-12-р ангийнх 3 сая 100 шүү дээ. Харьцангуй гайгүй төлбөртэй. Үзүүлж байгаа үйлчилгээ бол 50-60 мянган долларын сургуулиас илүү. Энд улсын төсвийн хөрөнгөөр 420 хүүхдийн барилга баригдаад манай 2-5-р ангиуд хичээллээд байж байна. Бас л мөн адил өглөө нь хичээл яваад үдээс хойш хүүхэд хөгжүүлэх ажлууд явуулдаг.
Энэ С.Будрагчаагийн над руу дайраад байгаа бүх юм чинь яг үнэндээ энэ өмчийн маргаанаас үүдэлтэй. Манай сургуульд багшилдаг байсан Максим багш дотоодын Орос. 10 үеэрээ Монголд төрж өссөн. Зүүнхараагийн Орос багш. Өмчийн асуудлаар бол Максим сургуулийн эсрэг матаас бичиг Орос руу бичээд тэр нь баригдсан л даа. Оросын холбооны улсын өмчийг бүртгэхэд Ж.Соронзон Монголын эрх баригчидтай нийлж саад болж байгаа нөхрийг зайлуулахгүй бол Орос өөрийнхөө өмчийг бүртгэж Оросынх болгож чадахгүй гэсэн матсан зүйл бичсэн. Максим явахад энэ сургууль нурж унах ёстой гэсэн ийм л бодолтой байсан. Тэр бол ёстой аймшигтай муухай бодол. Тэгээд ажлаас ичсэн нүүрэндээ өөрөө өргөдөл өгч гараад С.Будрагчаатай нийлээд баахан захиалгын гүтгэлгүүд явуулж эхэлсэн. Хоёрдугаарт хэлэхэд С.Будрагчаа бол энүүгээрээ тодрох гэсэн оролдлого л хийгээд байна. Эндээс С.Будрагчаа хууль зөрчсөн, авлигал авсан, ажил нураасан юу ч олж чадахүй. Эцэг эх сонгоод удирдах зөвлөлд оруулсан цагдаагийн ажилтанг хүртэл Орос гуравтай холбоотой АТГ-аар шалгуулна гэж дайрч байна. Би бол тэр С.Будрагчаагийн өмнөөс маш их ичиж байна" гэж хэлжээ.
Энэ талаар сэтгүүлч С.Будрагчаа "Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танаа БШУЯ-ны харъяа Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн авлига албан тушаалын гэмт хэргийг шалгуулах тухай Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Жамбын Соронзон нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн төрсөн дүү Жамбын Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй Эрхга ХКК-тай Түрээсийн гэрээ гэгчийг байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015 оноос 2021 оныг дуусах хүртэл хугацаан 845,874,070-1,120,987,008 төгрөгийг жил бүр шилжүүлж байсан баримтыг холбогдох Түрээсийн гэрээний хамт албан ёсоор хүргүүлж байна.
Тэрбээр 2015-2021 оныг хүртэлх хугацаанд Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн данснаас нийт 46 удаагийн гүйлгээгээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлж, Авлигын эсрэг хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасныг шалган тогтоож, гэм буруутай этгээдүүдийн хууль бусаар олсон орлогыг буцаан төлүүлэхийн зэрэгцээ дээрх хүмүүст хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно хэмээн машид итгэж байна.
Жамын Соронзон захирал нь төрийн өмчийн сургуулийн данснаас дээрх их хэмжээний мөнгийг шамшигдуулан завших үйлдлийг хийхдээ дараах маш ноцтой үйлдлүүдийг гаргасан байна.
Үйлдлийг нуун дарагдуулах санаатай зорилгоор өөрийн төрсөн дүү Жамбын Содбилэгтийн овгийн эхний үсгийг зориудаар өөрчилж Ш.Содбилэгт болгон гэрээгээ байгуулсан байна. Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх гэмт үйлдлийг бүлэглэн үйлдсэн байна. Мөн Жамбын Соронзон захирал нь өөрийн нөхөр Н.Лүндэндоржийг өндөр насны тэтгэвэрт суусных нь дараагаас эхлээд өөрийнхөө сургуульд нийгмийн багшаар ажилд авч түүнд сар бүр 4 сая 500 мянгаас 10 сая 868 мянган төгрөгийн цалинг олгож төрийн өмчийн төсвийн бус мөнгийг онц их хэмжээтэйгээр шамшигдуулах идэх ажлыг хийсэн байна.
Урсгал зардал, багш ажилчдын цалинг монгол улсын төсвөөс энгийн сургуульд олгодог шигээ төсөвлөдөг. Дээрээс нь энэ сургууль нэг хүүхдээс жилийн төлбөр хэмээн 4-6 сая төгрөгийн төлбөр авдаг учраас үүнийх нь нийт төсөв нь нийлээд 13 тэрбум төгрөг болчихдог. Зөвхөн гадаадын багш ажилчдад өндөр цалин өгөх ёстой шүү дээ. 6 сая орчим төгрөгийн цалин өгдөг юм билээ. Тэр мөнгөнд зарцуулагдах ёстой байтал Ж.Соронзон захирал өөрийнхөө төрсөн дүүтэй гэрээ байгуулаад түүнийх нь 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг аваад байж байдаг ийм л захирал байна.
Хамгийн өндөр албан тушаалд очсон цагдаагийн албан хаагч, төрийн албан хаагч нарт урилга явуулчихдаг гэнэ. Та хүүхдээ манай сургуульд сургана уу гээд. Тухайн хүн нь сургуульд хүүхдээ өгчхөөр хүүхдээр нь барьцаалаад тэр хүнийг базчихдаг. Монголын аудитын газрын хүмүүс яагаад төрсөн дүүтэйгээ гэрээ байгуулсныг мэдэхгүй байсан гэж бодож байна. Тэд мэдэж байсан шүү дээ. Зүгээр л аудитад чиний хүүхдийг чинь авчихъя чи энэ дээр дуугүй болчхоо гээд тэд хуурамч дүгнэлт гаргаж өгсөн гэдгийг тухайн гэрчүүд надад хэлж байгаа юм. ЦЕГ-ын тэргүүн дэд дарга нь тус сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлд нь орчихсон. Сургуулийн хашаанд нь хууль бусаар баригдсан барилгад нь амьдарчихсан, өөрийнхөө хүүхдүүдийг сургачихсан тийм байдалтай байна гээд бод л доо.
Энэ Монголын хууль чинь мөнгөтэй, баян хүнд үйлчилдэггүй ядарсан жирийн хүнд үйлчилдэг ийм байдлаа болиулаач ээ. Ард түмэнд шударга цагдаа, шударга хууль гэдэг байдлыг харуулаач ээ гэдгийг л хүсэж байна" гэлээ.
Эх сурвалж: ТВ4 телевиз