Өнөөдөр засгийн газарт ээлжит хуралдаан болж байна. Гарсан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Монгол улсын Засгийн газар хуралдаж улбар шар шар түвшнээс шар түвшинд шилжиж буйгаа зарлаж байна. Ингэснээр өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах нөхцөл байдал бүрдлээ. Олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй болсноо зарлаж байна. Нийт зорилтот бүлгийн 92 хувь, 3-р тунд 52 хувь, 4-р тунд 90 мянган орчим иргэн вакцинд хамрагдлаа. Халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж манай улс Олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болж байна.
Монгол Улсад ирэх хөрөнгө оруулагч, жуулчдын хувьд, хэрэв та вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Вакцинд магадгүй та хамрагдаж чадаагүй бол Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах боломж нээлттэй гэдгийг зарлаж байна.
2020 оны 11 сарын 12-ны өдрөөс хойш долоон удаагийн хатуу хөл хорио тогтоож улаан түвшинд 72 хоног, улбар шар гамшгаас хамгаалах түвшинд байлаа. Монгол улсын эдийн засаг анх удаа -5,3 хувь хүртэл агшсан амаргүй цаг үеийг даван тууллаа. Бид хоёр жилийн дараа ийнхүү шар түвшинд шилжиж байгаа ч халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах хариуцлагаа ухамсарлана хэмээн итгэж байна. Цар тахлын хугацаанд алдсан боломжоо нөхөх байр суурин дээрээ хатуу зогсох болно. Хамтдаа хичээж цар тахлыг даван, эдийн засгаа сэргээнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энгийн амьдралдаа шилжиж, ногоон төвшинд очиход та бүхэн идэвхтэй вакциндаа хамрагдаарай.
Амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутган викциндаа идэвхтэй хамрагдахаас бусад цар тахлын бүхий л хязгаарлалтууд цуцлагдаж байна хэмээн ойлгож болно” гэлээ.
"Шар" түвшинд шилжсэнээр аж ахуйн нэгж байгууллагад тавьдаг хязгаарлалтыг сулруулна. Ингэснээр урлаг, спортын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй юм.