Цар тахлын улмаас эмэгтэйчүүд санхүү болон сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртөх магадлал гурав дахин нэмэгдэх хандлагатай байгааг судалгааны дүн харуулжээ.
Австралид хийгдсэн уг судалгааны дүнгээс харахад ажил хийлгүй гэртээ байж, нөхөр болон хамтрагчдынхаа цалингаар амьдардаг эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх магадлал нэлээн өндөр байдаг бөгөөд эдийн засгийн ялгаа болон хамтран амьдрагчийн хүчирхийллийн хоорондын хамаарлыг "уламжлалт жендэрийн хэм хэмжээ, ноёрхогч эрчүүдийн хандлагын үр дагавар" гэдгийг давхар нотолсон байна.
Австралийн Эмэгтэйчүүдийн Аюулгүй байдлын Үндэсний Судалгааны Байгууллага (Anrows) Ковид-19 тахлын үед эдийн засгийн найдваргүй байдал болон хамтран амьдрагчийн хүчирхийллийн хоорондын уялдаа холбоог судлах зорилгоор 10000 эмэгтэйн дунд судалгаа явуулжээ. Энэ нь эдийн засгийн дарамт нь хүчирхийллийн эхлэл болон цааш улам даамжирсантай холбоотой болохыг “нотлох баримт”-ыг олсон аж.
Судалгааны дүнд хамтран амьдрагч нь өмнө нь хүчирхийлэл үйлдэж байгаагүй эмэгтэйчүүдийн хувьд хүчирхийлэлд өртөхөд санхүүгийн дарамт нөлөөлсөн төдийгүй энэ нь цаашилбал сэтгэл санааны гүн хямралд хүргэжээ.
Австралийн Криминологийн Хүрээлэнгийн (AIC) судлаач Энтони Морган, доктор Хэйли Боксалл нар судалгаанд хамрагдсан гурван эмэгтэй тутмын нэг нь эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан хүчирхийллийн багадаа нэг хэлбэрт өртсөн гэсэн харамсалтай дүнг онцолсон байна. Өмнөх судалгаагаар эмэгтэйчүүд тахлын үед ажлаасаа халагдах, эсвэл ажлын найдваргүй нөхцөл байдалд орох магадлал өндөр байсан бол үүн дээр нэмээд хүчирхийллийн бусад хэлбэрт өртөх нь нэмэгджээ.
Хүчирхийлэлд өртөөгүй байсан санхүүгийн өндөр түвшний стресстэй эмэгтэйчүүд "сүүлийн 12 сарын хугацаанд санхүүгийн дарамт багатай гэж мэдээлсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл, эсвэл сэтгэл санааны хувьд хүчирхийлэх, дарамтлах, хянах зан үйлд өртөх магадлал өндөр байсан" аж.
Судалгааны дүнгээс харахад санхүүгийн дарамт ихтэй эмэгтэйчүүд бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөх магадлал гурав дахин, бие махбодийн бус хүчирхийлэлд өртөх магадлал 2.6 дахин их байжээ. Судалгаанд хамрагдагсдын 95 хувь нь эрэгтэй хамтрагчтай байжээ. Эрдэмтэд эрүүл мэндийн асуудалтай, эсвэл өнгөрсөн жил жирэмсэн байсан, хүүхэдтэй амьдарч байсан, уугуул эмэгтэйчүүдийн хувьд эрсдэл нэмэгддэг болохыг тогтоосон.
Анроусын гүйцэтгэх захирал Падма Раман хэлэхдээ, эмэгтэйчүүдийн эдийн засгийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд хариу арга хэмжээ авахын зэрэгцээ "жендерийн хэм хэмжээг дэмжсэн хор хөнөөлтэй хандлагыг" арилгах, "эдгээр асуудалтай хандлагыг бий болгодог тогтолцоог устгах" стратеги шаардлагатай байгааг онцлон дурджээ.