Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Нийслэлийн сурагчид хоёр долоо хоног 5/9 зарчмаар танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэх бөгөөд үүний дараа буюу хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хичээл 100 хувь танхимаар үргэлжилнэ.
Харин хөдөө орон нутагт ногоон бүсэд байгаа үед 100 хувь танхимаар хичээллэх боломжтой гэж үзэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа ба ялангуяа 1-3 дугаар ангийнханд ажиглагдаж байна.
Омикроны давлагааны оргил үе таарч байгаа учраас бид нэг долоо хоногоор хойшлуулахаас өөр сонголт байсангүй гэдгийг хэлье. Цаашдаа буурах байх хэмээн найдаж байна.
Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрэв хичээл, сургалтыг яг хоёрдугаар сарын 14-нд нээхийг хүсэж байгаа бол цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэмээргүй байна. Цагаан сарыг гэр бүлийнхээ орчинд аль болох хязгаартай зохион байгуулахыг хүсэж байна.
Их дээд сургууль, МСҮТ-ийн хичээл хоёрдугаар сарын 7-нд эхэлнэ. Гэхдээ цахимаар хичээллэх бөгөөд хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ. Цэцэрлэг өнөөдөр ч гэсэн нээлттэй байгаа. Цаашдаа хоёрдугаар сарын 14-нөөс эхлээд 3-5 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулна. Одоо бид хичээл бүрээр хоцрогдлоо нөхөхөөр төлөвлөж байна. Энэ хүрээнд Монголын ур чадвартай, туршлагатай багш нарын хичээлийг худалдан авч medlee.mn вэб сайтад байршуулна. Сурагчид цахимаар дуртай хичээлээ заалгах боломж олгож байгаа. Хөдөө орон нутагт цахим хичээлийн хүртээмж муу байгаа учраас 45 лаборатори сургуулиа түшиглэн цахим хичээлийг бэлтгэх, видео студи байгуулсан.