Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 47 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдсон Б.Баасандорж тамгаа гардан, үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан, ШӨХТГ-ын дарга Т.Гантулга тамга гардуулахдаа “Юуны түрүүнд дэлхий нийтийг хамарсан цар тахлын амаргүй цаг үед хамтран ажиллаж, өөрчлөлт шинэчлэлийг хийхэд нэг баг болж, зорилго нэг байсан албан хаагчиддаа талархаж байна. Цар тахлын үед та бид Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгжүүлж, цаг наргүй, амралтгүй ажилласан.
Мэргэжлийн хяналтын байгууллага бол том айл. Энэ том айлыг удирдах богино хугацаанд багагүй ажил хийж хэрэгжүүллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, үзэл баримтлалыг батлуулаад байна. “Дижитал шилжилт-Хэрэглэгчийн хяналт” төслийг хэрэгжүүлж эхэлснээр мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах нөхцөлийг бүрдүүллээ. Өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт иргэн, аж ахуйн нэгжээс ирж байгаа бүх хүсэлт, гомдол мэдээлэл бүрэн цахимжсан. Тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох зэрэг 54 төрлийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд цахимаар авч байна. Аж ахуйн нэгжүүд Хяналт удирдлагын системд холбогдож өөрсдийгөө үнэлдэг тогтолцоог бүрдүүллээ. Улсын байцаагчид иргэн, аж ахуйн нэгжүүдэд цахимаар зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг болсон” гэдгийг онцлоод шинээр томилогдсон даргад ажлын амжилт хүсэв.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдсон Б.Баасандоржид баяр хүргэж, амжилт хүсээд “Цар тахлын үед мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид тэргүүн эгнээнд цаг наргүй, хичээж зүтгэж ажилласан. Агаарын бохирдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Цаашид нийгмийн хүлээлт, сэтгэлгээг өөрчлөхөд та бидний хамтын ажиллагаа чухал” хэмээн тодотгоод мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудад цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг даалгавар өглөө.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримталж, цаашид хэрэгжүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж, мэргэжлийн хяналтын байгууллагын одоогийн нөхцөл байдлыг ХАМТДАА ӨӨРЧИЛЬЕ” гэлээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос УБЕГ-ын дарга, 2020 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байна.
Эх сурвал: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС