Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хороо энэ оны анхны хурлаа нэгдүгээр сарын 11-ний өдөр хийж 2022 оныг “Ёс зүй, сахилга хариуцлагын жил” болгон зарласан байна. Намын дээд байгууллагаас намын дүрмийг биелүүлээгүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, улмаар намаас гарсанд тооцох хүртэл арга хэмжээг авах эрхийг Хяналтын Ерөнхий хороонд олгосныг хэрэгжүүлэн ажиллажээ.
Хяналтын Ерөнхий хороо анхдугаар хурлаараа үндсэн таван асуудал хэлэлцэж, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны орон тооны бус дэд дарга В.Мөнхбатыг намаас гарсанд тооцох тогтоол гаргаж, хариуцлага тооцсон байна.
Тэгвэл Хяналтын Ерөнхий хорооны ээлжит хурал энэ сарын 21-ний өдөр болж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд Баян-Өлгий, Увс аймгуудтай холбоотой гомдол саналуудыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, намын дунд шатны байгууллагуудын Бага хурлын төлөөлөгчдийн квот тогтоох, төлөөлөгч сонгох журмуудтай холбоотой зөвлөмж, тогтоолууд гаргав.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Монгол Ардын намын хороо төлөөлөгчдийг сонгон журам болон Бага хурлын товоо тогтоохдоо намын гишүүдийн оролцоог хангаагүй, анхан шатны байгууллагуудын бүх шатны гишүүдийн хурлыг хийлгэхгүйгээр зөвхөн тэргүүлэгчид нь Бага хуралд оролцох, төлөөлөгчдийг сонгохоор журамласан байсныг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Мөн Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга Д.Бауыржанд сануулах арга хэмжээ авч, Бага хурлаа намын дүрэмд нийцүүлэн явуулж буй тайлангаа 2022 оны хоёрдугаар сарын 10-ны дотор Хяналтын Ерөнхий хороонд ирүүлэхийг үүрэг болголоо.
Түүнчлэн Увс аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хурлын тогтоолыг шатлан дэвших, төлөөлөл хангах журмыг бүрэн хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгов. Мөн Бага хурлын товоо ирэх хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногт багтаан товлож, ингэхдээ төлөөлөгч сонгох журмыг бүх гишүүдийн оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлж шийдвэрлэхийг Увс аймгийн МАН-ын хорооны дарга С.Батжаргал болон тэргүүлэгчдэд үүрэг болгожээ.
Хяналтын Ерөнхий хорооноос 2022 оныг “Ёс зүй, сахилга хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулж, нам бол улс төрийн хамтын удирдлагын байгууллага учраас үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байх ёстой. Иймд намын дарга тэргүүлэгчид, гишүүдтэйгээ байнгын харилцаа холбоотой байхыг хатуу санаж ажиллахыг дунд шатны намын хороодод анхаарууллаа. Өөрөөр хэлбэл намын бүх шатны хурал төлөөллийг хангах, дотоодын ардчиллыг хангах гэсэн хоёр зарчмыг хангаагүй тохиолдолд хурал биш хуйвалдаан болно гэдгийг хатуу анхаарах ёстой гэв. Цаашлаад намын дүрмийг сургаар хэрэглэх явдлыг засахын тулд намын гишүүн бүр судалж, дүрмийн дагуу ажиллах чадвараа дээшлүүлэх шаардлагатайг сануулжээ.