Ковидоор өвчлөн гэртээ тусгаарлагдаж буй хүмүүс 160 мянган төгрөгийн эмийн багцаа өөрийн биеэр өрхийн эмнэлэг дээрээ очиж авч байгаа асуудалд иргэд бухимдалтай хандаж буй. Мөн вакцинд хамрагдах, ковидийн шинжилгээ өгөхөөр ирж байгаа хүмүүс нэг дор дугаарлаж буй нь халдвар тараах нөхцөл болоод байна гэсэн иргэдийн гомдол мэдээллийн дагуу бид “Энх титэм” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нараас асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар тодрууллаа.
Энэ талаар “Энх титэм” өрхийн эмнэлгийн дарга Д.Наранцэцэг, “Өдөрт ковидоор 70-80 хүн өвдөж байна. Эмнэлгийн ажилтнууд бид өөрсдөө ч өвдөж байгаа. Одоогоор ажилчдын 50 хувь нь өвдсөн. Тийм болохоор нэг эмч гадуур явж, өвчтөнүүдийг эргэхэд үнэхээр хүч хүрэхгүй байна. Хөнгөн хүмүүсийн ар гэрийн хүн нь ирэх боломжгүй бол өөрийг нь ирүүлж эмийн багцаа ав гэж байгаа. Нэгдүгээр сараас өмнө бид толгой дараалан айлд очдог байсан. Тэр үед дельта хувилбар байсан учраас нэг гэрээс олон хүн өвчилдөггүй байсан юм. Гуравдугаар хороо нийт зургаан эмчтэй. Үүний дөрөв нь өвдчихсөн. Өвдсөн ажилтнаа долоо хонуулаад л дуудаад оруулж байна. 10 хонуулах ч аргагүй байна. Ачаалал их байна гэсэн үг. Эмнэлэгт хэвтүүлэхэд, эмч хүнээ үзээд архаг суурь өвчтэй болон жирэмсэн эмэгтэй, хүүхдүүдийн нэрийг эхлээд явуулж байгаа. Жирэмсэн эмэгтэй болон хүүхдийг эмнэлгүүд шууд авч байна. Архаг хууч өвчтэй хүмүүс нэг хоёр хоног хүлээнэ. Өвчтөнөө дахин очиж үзэж үнэхээр амжихгүй байгаа юм. Өчигдрийн байдлаар ЭМЯ-наас нөхцөл байдлыг хараад явсан" гэв.
Харин дөрөвдүгээр тунгийн идэвх хэр байгаа талаар "Энх титэм” өрхийн эмнэлгийн дархлаажуулалт хариуцсан сувилагч Л.Оюунтуяа, "Дөрөвдүгээр тунгийн хувьд, манай өрхийн эмнэлэг дээр иргэд эхний гурван өдөр маш идэвхтэй байсан. 80-90 хүн ирсэн. Сүүлдээ 20-30 хүн л орж байна. Манайд ковидийн шинжилгээг нэг давхарт авч байгаа. Дархлаажуулалтын өрөө нь дээд давхартаа бий. Тиймээс нэг дор дугаарлахгүй. Шинжилгээ өгч байгаа хүмүүсийг дээшээ огт гаргадаггүй. Сүүлийн 14 хоногт хүүхдүүд ихээр өвдөж байна. Зургаан сартай хүүхэд ч байна. Өчигдөр гэхэд 4-5 хүүхэд эерэг гарсан. Халдвар маш их байна гэсэн үг. Хөхний сүүгээр хооллодог хүүхдүүд өвдсөн ч гайгүй өвддөг. Бага насны хүүхдүүд халдвар авсан ч биеийн байдал нь гайгүй байгаа гэж харж байна" гэлээ.