Манай улс Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд батлан, хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасган дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж, агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавьсан.
2017 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахаар 456 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй болохыг өдөр, шөнөгүй “СААРАЛТАН" буй Улаанбаатар харуулж байна.
Улаанбаатар хотын гадаад орчны агаар бохирдуулах бодисын 2020 оны жилийн дундаж агууламжийг 2016 онтой харьцуулахад хүхэрлэг хий (SO2) 11 мкг/м3-ээр ихэссэн байна. Энэ хүхэрлэг хий нь байгалиас бол галт уулын дэлбэрэлтээс л агаарт гарах боломжтой. Хүхэрлэг хий бол агаар бохирдуулдаг химийн элементүүд дотроос маш хортойд тооцогддог.
ӨДӨР БҮР АМЬСГАЛЖ БУЙ ХҮХЭРЛЭГ ХИЙ ЯМАР ХОРТОЙ ВЭ?
Хүхрийн давхар исэл нь хамар, хоолой, амьсгалын замыг цочроодог. Хүхэрлэг хийтэй агаараар амьсгалахад ханиалгах, хамар, хоолой, уушги шатаж байгаа юм шиг мэдрэмж төрөх, амьсгал давчдах, цээжний эргэн тойронд хүчтэй өвдөх шинж тэмдэг мэдрэгдэнэ. Хүхрийн давхар ислийн нөлөө маш хурдан илэрдэг бөгөөд энэ хийгээр амьсгалаад 10-15 минутын дараа л хүний биед нөлөөлж эхэлдэг байна. Амьсгалын замын өвчтэй, эсвэл астматай хүмүүс илүүтэй өртдөг бөгөөд хүхэрлэг хийн 90 орчим хувь нь амьсгалын дээд замд шингэж гуурсан хоолойг үрэвслүүлнэ. Мөн ахмад настнууд болон бага насны хүүхдүүд хүхэрлэг хийнээс хордох магадлал өндөр байдаг гэнэ. Хүхэрлэг хий урт хугацааны туршид хүний биед аажмаар нөлөөлөхдөө толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүдийг мэдрүүлнэ. Улмаар хүний биеийн уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг. РМ 2.5 тоосонцортой хавсарсан тохиолдолд уушгины эдийг түлэх аюултай.
ТОЛГОЙ ӨВДӨЖ, ДОТОР МУУХАЙРАХ НЬ ХҮМҮҮСТ ДАСАЛ БОЛООД ТООХОО Ч БАЙСАН
Бид иргэдээс агаарын бохирдолтой холбоотойгоор биед нь ямар шинж тэмдэг илэрч байгаа талаар тодруулахад иргэд:
“Толгой өвдөнө, хоолой хорсоно. Одоо бага насны хүүхдүүдээ гэрээс ч гаргаж чадахгүй байна. Хүүхдүүд маань маш их агаарын дутагдалд орчихсон нүд, ам нь хөхрөөд л, нүүрс бүр арай л аймаар байна. Түлэхэд ч гэсэн үнс нь хоолой руу нэвт ордог.
“Манай дүү нарын хамар ойрдоо маш их битүүрдэг болсон. Ер нь байн байн гэж хэлж болно. Олон цагаар орой гадаа ажил хийхээр толгой өвдөх нь их”
“Амьсгал давхцаад зүрх судасны өвчтэй хүмүүсд маш хэцүү байдаг. Гадаа гарахад агаар амьсгалж чадахгүй. Хоёр, гурван давхар маск зүүгээд гарч байна. Толгой өвдөнө, дүнхүү болно. Юм мартана, хааяа, хааяа дотор муухай оргино. Галлахаар маш их хар утаа гарч байна. Тэр чинь бөөн тортог байгаа шүү дээ. Маш их тортогтой. Нэг юманд хүрэхээр тэр чигтээ тортог. Хувцсаа хүртэл арчилж өмсөхөд хэцүү”
“Гэрээсээ нээх их гардаггүй. Ямар ч байсан хааяа гарахаар цээж, хоолой их хорсох юм”
“Түрүү жилийг бодоход энэ жил бүр аймаар байна. Түлшинд нь байдаг юм уу яадаг юм. Түлш бол ер нь асуудалтай байна. Асалт ч муутай болчихсон. Голлон их мод хийж л байж асааж байна. Толгой өвдөх, дотор муухайрах бол аймаар байгаа. Хүмүүст дасал болоод тоохоо ч байгаад байна. Өглөө болгон ханиалгаж сэрж байна шүү дээ. Манай энэ Дарь-Эхийн хавь бол бүр их утаатай. Сайжруулсан түлшээ авч дийлж байгаа нь ховорхон байна. Айлууд янз бүрийн л юм түлж байна”
“Энэ утаа өглөө оройд гарахад маш ихээр үнэртээд илт мэдэгдэж байгаа учраас ялангуяа хүүхдүүдэд их нөлөөлж байгаа болов уу гэж бодож байна. Бүх нийтээрээ ингэж утаагаар амьсгалж байгаа тохиолдолд бид өөрсдийгөө бүрэн хамгаалж чадахгүй байна шүү дээ” гэж хэлсэн юм.
ТӨРСНӨӨСӨӨ ХОЙШ УТААТАЙ АГААРААР АМЬСГАЛЖ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ?
Утаа хүний биед ямар хор хөнөөл учруулж байгаа талаар агаарын бохирдолтой тэмцэх олон талт үйл ажиллагаа явуулдаг Breathe Mongolia ТББ-ын эрүүл мэндийн зөвлөх, доктор Д.Амаржаргалаас тодрууллаа.
Тэрбээр “Хүн өдөрт 15 мянган литр агаараар амьсгалж байдаг. Агаарт 237 төрлийн хорт бодис байдаг гэсэн судалгаа бий. Энэ олон хорт бодис хүний бие рүү агаараар дамжиж цус руу ордог. Цус руу орохоор хүний бие гаднын биет, нян байна гээд андуураад үрэвсэл үүсгэдэг. Бүх төрлийн чинэрэх, хамар битүүрэх зэрэг жижиг бидний амьдралын чанарыг бууруулаад байгаа бүх зүйл энэ Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой.
Гэртээ нүүрс түлдэг хүмүүсийн гэрт нүүрс төрөгчийн давхар исэл маш ихээр ялгардаг. Монголын нөхцөлд бусад оронд байхгүйгээр ажиглагдаад байгаа зүйл нь нүүрстөрөгчийн давхар ислийн угаарын хийн архаг хордлого. Маш олон жилийн явцад харахад төрсөн орчноосоо эхлээд нярай хүүхэд том болтлоо байнгын нүүрстөрөгчийн давхар исэлд хордоод байхаар сурлага муудах зэрэг маш нь ямар болох уу. Цаашлаад тухайн хүүхдийн ирээдүйд боломж, орлого олох боломж тэр болгон нь мэдрэлийн өвчнөөс нь болж яаж буурах уу? Амьдралын чанар нь яаж буурах уу? гэдэг маш их санаа зовоосон асуудал болж байгаа.
АГААРЫН БОХИРДОЛ ЭР БЭЛГИЙН ЭСИЙГ БУУРУУЛЖ, УРГИЙН ЭНДЭГДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
Тэгээд альцгеймер, паркинсоны өвчин бусад мэдрэлийн өвчнүүд агаарын бохирдлоос болж эрсдэл нь нэмэгддэг нь тодорхойлогдсон байгаа. Хүхрийн давхар исэл агаарт нэмэгдээд байх тусам нярайн эндэгдэл ихсэж байна гэсэн судалгаанууд гарсан. Эр бэлгийн эсийн хөдөлгөөн, чанаргүй эр бэлгийн эс ихсэж байгаа" гэлээ.
Төрөөс утаа бууруулахад мөнгө, төсөв зарцуулж байгаа ч үр дүн багатай, агаарын бохирдол хэвээр байсаар л байна. Харин ч өрх бүр агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн улмаас эмчилгээний зардлыг бараг тогтмол зарцуулсаар байна.